Улсын
Ерөнхий
прокурорт
2019 оны 11-р сарын 11-ний
өдөр Улаанбаатар хот
Гомдол гаргах нь
Ганболдын Доржзодов би Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Алтанхуягийн Ганбаатарын Г-40 дугаарт бүртгэгдсэн гомдолд үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн, тус хэлтсийн мөрдөгч, дэслэгч Т.Цэнджаргалын мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 201701000075 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт шалгагдаж байсан ба хяналт тавьсан Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Д.Ширэндэв 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №05 дугаартай Прокурорын тогтоолоор уг хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг.
Миний бие 201701000075 дугаартай хэргийн материалтай 2019
оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 14-ний өдрийн хооронд өөрийн биеэр танилцаад Тагнуулын
ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, дэслэгч Т.Цэнджаргал нь тухайн хавтаст
хэргийн мөрдөн шалгахдаа Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдлүүдийг баримттайгаар олж мэдсэн. Тухайлбал, Тагнуулын
ерөнхий газар А.Ганбаатараас 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хураан авсан
нотлох баримтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр надаас хурааж авсан миний компьютерт
2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр мөрдөгч Т.Цэнджаргал өөрийн гараар хуулбарлан
байршуулж хуурамч нотлох баримт үйлдээд түүндээ үзлэг хийж 201701000075
дугаартай хавтаст хэрэгт бэхжүүлсэн, улмаар миний эд зүйлийг 2017 оны 6 дугаар
сарын 2-ны өдөр мөрдөгч Т.Цэнджаргал хүлээлгэн өгөхдөө энэхүү ул мөрөө баллаж устгасан,
ахуйн зориулалттай Sansa Plus маркийн MP3 FM radio хөгжмийг мөрдөгч Т.Цэнджаргал зориуд буюу санаатайгаар гүйцэтгэх
ажлын тусгай техник хэрэгсэл гэсэн Шинжээчийн дүгнэлтийг тагнуулын
байгууллагаар гаргуулж хавтаст хэрэгт бэхжүүлсэн, А.Ганбаатарын 2017 оны 4
дүгээр сарын 11-ний өдөр ТЕГ-т гаргасан худал гомдлыг шалгуулахаар 2017 оны 4
дүгээр сарын 20-ны өдөр гаргасан миний сөрөг гомдол, түүнд хавсаргаж өгсөн нотлох
баримтын дагуу мөрдөгч Т.Цэнджаргал ямар нэгэн ажиллагаа огт хийгээгүй, 2017
оны 4 дүгээр сарын 21-ний өдөр миний бие өөрийн гараар зурсан хэрэг шалган
шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зургаан камерын байршлын газрын зургийг мөрдөгч
Т.Цэнджаргал хавтаст хэргээс устгасан, уг зургийн дагуу ямар нэгэн ажиллагаа
огт хийгээгүй, мөрдөгч Т.Цэнджаргал нь 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 17 цаг
50 минутад миний өмгөөлөгч Г.Баасанг байлцуулан миний эд зүйлсийг надад буцаан
өгөхдөө шаардлага хангахгүй Эд зүйл хүлээлгэн өгөх актыг үйлдсэн ба үүнийгээ
улмаар 201701000075 дугаартай хавтаст хэрэгт оруулалгүйгээр устгаж, түүний
оронд хуурамч Акт үйлдэн хавтаст хэрэгт бэхжүүлсэн, мөрдөгч Т.Цэнджаргал нь
2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хураан авсан чухал эд мөрийн баримт болох iPhone
5 маркийн утсыг цаашид ашиглах ямар ч боломжгүйгээр
програм хангамжийг нь эвдэж сүйтгэсэн зэрэг мөрдөгч Т.Цэнджаргалын хууль бус,
ноцтой олон гэмт үйлдлүүд 201701000075 дугаартай эрүүгийн хавтаст хэрэгт
баримттайгаар бэхжин үлдсэн байдаг юм.
Миний бие Нийслэлийн прокурорын газрын архивт хадгалагдаж
буй 201701000075 дугаартай хавтаст хэргийн материалтай өөрийн биеэр танилцаж
дуусмагцаа 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн
шалгах хэлтсийн мөрдөгч, дэслэгч Т.Цэнджаргалыг шалгуулахаар Улсын Ерөнхий
прокурорт Гомдол гаргахад 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4/1396 дугаартай
Хариу мэдэгдэх хуудсаар харъяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт
шилжүүлсэн тухай мэдэгдсэн байна. Нийслэлийн прокурорын газар 2019 оны 7 дугаар
сарын 1-ний өдрийн 4/1267 дугаартай Хариу мэдэгдэх хуудсаар миний Гомдолд
дурдагдсан асуудлыг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах
албаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
тухай мэдэгдсэн. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба 2019 оны 7
дугаар сарын 31-ний өдрийн 11/5-3347 дугаартай бичгээр тагнуулын мөрдөгч
Т.Цэнджаргалд холбогдуулан гаргасан миний Гомдлын дагуу 190200627 дугаартай
хэрэг нээсэн тухай надад мэдэгдсэн.
Гэвч ЦЕГ-ын МБА-ны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг
мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Баасандалай нь
190200627 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 201701000075
дугаартай хавтаст хэргийн материалд бэхжин үлдсэн тагнуулын мөрдөгч
Т.Цэнджаргалын гэмт үйдлүүдийг тал бүрээс нь судалж тогтоогоогүй, уг хавтаст
хэрэгт авагдсан нотлох баримтуудыг огт үнэлээгүй, уг хавтаст хэргийг бүрэн гүйцэд
судлаагүй, гэрч Г.Баасан болон миний өгсөн мэдүүлгүүдийг үнэгүйдүүлсэн, миний
зүгээс хүлээлгэн өгсөн нотлох баримтуудыг үнэлээгүй, мөрдөгч Т.Цэнджаргалын
гэмт үйлдлүүдийг зориуд бүдгэрүүлэн дарж, улмаар 190200627 дугаартай хэргийг 2019
оны 8 дугаар сарын 27-ны өдөр хаах тухай саналаа Нийслэлийн прокурорын газрын
Хяналтын прокурор Б.Баярхүүд хүргүүлжээ. Нийслэлийн прокурорын газрын Хяналтын
прокурор Б.Баярхүү нь мөрдөгч Б.Баасандалайгийн саналыг үндэслэн 2019 оны 9
дүгээр сарын 9-ний өдрийн 472 дугаартай Прокурорын тогтоолоор тагнуулын мөрдөгч
Т.Цэнджаргалд холбогдох 190200627 дугаартай хэргийг хааж шийдвэрлэсэн байна.
Миний бие хяналтын прокурор Б.Баярхүүгийн уг тогтоолыг эс
зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын
Ерөнхий прокурорт Гомдол гаргасан боловч 2019 оны 11 сарын 4-ний өдрийн 10/2217
дугаартай Хариу мэдэгдэх хуудсаар Хяналтын прокурор Б.Баярхүүгийн хэрэг
бүртгэлтийн хэргийг хаасан шийдвэрийг хэвээр үлдээж, миний гаргасан Гомдлыг
хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тухай 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр надад
мэдэгдсэн юм.
Иймд 2017 онд эрүүгийн 201701000075 дугаартай хавтаст
хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн
шалгах хэлтсийн мөрдөгч, дэслэгч Т.Цэнджаргалд холбогдох хэрэг бүртгэлтийн
190200627 дугаартай хэргийг бүх талаас нь судлалгүйгээр, түүний үйлдсэн гэмт
хэргийг нотлох 201701000075 дугаартай хавтаст хэргийн материалуудыг үнэгүйдүүлж,
мөрдөгч Т.Цэнджаргалын А.Ганбаатар нартай бүлэглэн үйлдсэн байж болзошгүй
үйлдийг бүрэн гүйцэд шалгаж тогтоолгүйгээр хаах шийдвэр гаргаж байгаад туйлын
гомдолтой байгааг барагдуулж өгнө үү.
Хавсралт:
1. Улсын ерөнхий прокурорт 2019.06.21-нд гаргасан гомдол 1-6-рхуудас
2. УЕПГ-ын 2019.06.26-ны 4/1396 дугаартай Хариу мэдэгдэх
хуудас 7-р хуудас
3. НПГ-ын 2019.07.01-ний 4/1267 дугаартай Хариу мэдэгдэх
хуудас 8-р хуудас
4. ЦЕГ-ын МБА-ны 2019.07.31-ний 11/5-3347 дугаартай албан
бичиг 9-р хуудас
5. НПГ-ын 2019.09.09-ний 472 дугаартай Прокурорын тогтоол
10-12-р хуудас
6. НПГ-ыг Прокурорын тогтоолд 2019.10.21-нд гаргасан Гомдол
13-14-р хуудас
7. НПГ-ын 2019.11.04-ний 10/2217 дугаартай Хариу мэдэгдэх
хуудас 15-р хуудас
хавсралт Нийт: 15 хуудас.
Гомдол гаргасан: /Г.доржзодов/
___ цаг ___
минут
2019 оны 11-р сарын 11.
#60тэрбум ИШЛЭЛҮҮД
2019.01.22 Г.Доржзодов: #60тэрбум хэргийг хэрэгсэхгүй болгох, хаахад оролцсон ”хонгил” гэж бодож байгаа хүмүүс:
АТГ мөрдөгч Бат-Олзвой (2016) НПГ прокурор Ширэндэв СБД прокурор Мажигсүрэн (2016) СБД Цагдаагийн 1-р Хэлтэс Батсайхан ТЕГ МШХ Орлогч Ууганбаяр ТЕГ мөрдөгч Цэнджаргал ТЕГ мөрдөгч Сэргэнмандах ЦЕГ Тэргүүн дэд БатбаатарЭднүүсээс одоо ч гэсэн #60тэрбум хэргийг шалгах Ажлын хэсэгт зарим нь ажилласаар байгаа. Тэдэнд эрх мэдлээрээ нөлөө үзүүлсэн улстөрчид, удирдах албан тушаалтнууд, тусалж хамтарч ажилласан байгууллага хувь хүмүүс бас бий. Хэрэг илүү тодорхой болмогц нийтэд хүргэнэ.
2019.01.17 Б.Пүрэвдорж (УИХГ): 60 тэрбумын схемийн үр дагавраар хууль бусаар халагдсан хүмүүсийн зардал төсөвт том ачаа болж байна.
2018.12.26 Д.Гэрэл (ТЕГ дарга): 60 тэрбумын асуудал шалгагдаж байгаа...
2018.12.25 Ж.Батзандан: "60 тэрбум"-ын хэрэг баримттай, нотолгоотой хэрэг
2018.10.24 Г.Доржзодов: АТГ нотлох баримтыг сольж эвлүүлэг гэдэг дүгнэлтийг 2016 онд гаргуулсан... Энэ бол авлига албан тушаалын хэрэг биш. Энэ бол Үндсэн Хуулийн 3.2 заалтыг зөрчсөн үйлдэл байсан...
2018.10.21 Н.Алтанхуяг: Ямар эрүүл ухаантай, ёсзүйтэй намын дарга хэдэн хүний албан тушаал зарж арилжаалах тухай яриаг сонсож, дэмжээд сууж байх вэ. Ингэж яриад суух нь гэмт хэрэг гэдгийг мэдэж буй ч хууль хяналтын байгууллагын хонгилд өөрсдийнх нь хүмүүс байгаад аархсан хэрэг биш үү. Ийм нам төрийн эрхэнд гарч, төр ялзарлаа.
2018.10.05 Л.Оюун-Эрдэнэ: ...Төрийн байгууллагууд эвлүүлэг гэж мэлздэг юм байна. АТГ нь эвлүүлэг гэж мэлздэг юм байна. Нийтийн сонсгол хийх гэхлээр Прокурор нь тухайлсан хүнд нь Нийтийн сонсгол хийж болохгүй гэж мэлздэг юм байна. Одоо нэг байгууллагыг харах үлдсэн. Энэ бол Үндсэн хуулийн цэц... Энэ байгууллага дээр хүссэн ч, эс хүссэн ч энэ асуудал очих байх... (Төрийн ордонд сэтгүүлчдэд өгсөн мэдээллээс)
2018.10.04 Д.Эрдэнэбат: ...Төрийн албыг үнэгүйдүүлж, улс төртэй хутгаж, 60 тэрбумаар арилжаалснаас үүдэн төрийн албаны мерит зарчим алдагдаж, үүний хор уршгаар мэргэшсэн, чадварлаг, ёсзүйтэй хүний нөөцөөр хангагдах ёстой төр үнэгүйдэн, бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нийгмийг цочирдуулж, бухимдуулсан асуудлууд шил даран гарсаар байна... (УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтээс)
2018.10.01 Д.Сумъяабазар: ...МАН урагшаа явахад түвэгтэй байдал үүслээ гэж харж байгаа. Өнгөрсөн сонгуулиар яригдсан 60 тэрбумтай холбоотой, газартай холбоотой авлигын асуудал гээд олон түмэн бүгдээрээ л харж, шүүж, мэдэж байгаа... (Ярилцлагын хэсгээс)
2018.09.19 Ц.Нямдорж: ...Тэр ярьсан хүмүүс нь ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой. Энийг бол эвлүүлэг гэж болохгүй... Ямар ч байсан Сандуй нь /ажлаа/ өгчихсөн шүү дээ. Би тэр үг хэлсэний дараа /2017.08.17-нд ТВ25 телевизэд өгсөн ярилцлагаа хэлж буй/. Хүлээсэн байгаа биз?... Эрүүл хүний санаанд оромгүй юм ярьцгаасан. Нэр усыг нь жигштэл, зэвүүцэл төрүүлмээр. Ийм юм хэлчихсэн л юм бол уучлаарай гэж хэлэх ухаан төрөх л ёстой шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)
2018.09.19 Ш.Раднаасэд: ...Ээлжит Бус Чуулганыг зарлах эсэхийг шийддэг газар Хуульзүйн Байнгын хороо биш байхгүй юу. Энэ чинь УИХ-ын Даргын бүрэн эрхийн асуудал... (утсаар өгсөн ярилцлагаас)
2018.09.10 Н.Алтанхуяг: ...Миэегомбын Энхболд гэдэг хүнтэй холбоотой асуудал энэ хүнийг УИХ-ын Дарга байхад шийдэгдэхгүй байх аа. Яагаад гэвэл, АТГ-ын Энхжаргал даргыг энэ хүн тавьсан. АТГ-ын Дарга яалаа гэж тавьсан хүнийхээ ийм юманд оролцсон гэдгийг тогтоох вэ дээ! Тогтоох сонирхол ч байхгүй... (Төр самардаг нууц технологи. 60 тэрбумын талаар нэвтрүүлэгийн хэсгээс)
2018.08.06 Д.Амарбаясгалан: ...Ганц #60тэрбумын хэрэг гэлгүй ёсзүйгүй нөхдөд бүгдэд нь хариуцлага тооцно... (Тусгаар тогтнолын ордонд хийсэн Хэвлэлийн хурлаас)
2018.08.06 Ц.Даваасүрэн: ...Ер нь бол 60 тэрбумын асуудлыг ярих ёстой. Нэг тийш болгох ёстой. Тэгж байж дараагийн сонгуульд орох ёстой... (МАН-ын Бага хурлын үеэр өгсөн ярилцлагаас)
2018.08.03 М.Энхболд: ...Ээлжит бус чуулган зарлах асуудлыг Хуульзүйн Байнгын хороо авч үзэж байж ярих ёстой гэдэг шийдвэрийг УИХ-ын Даргын зөвлөл хоёр удаагийн хурлаараа ярьсан... (Телевизэд өгсөн мэдээлэл)
2018.08.03 МАН-ын Хяналтын Ерөнхий хороо: ...МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёсзүйн алдаа гаргасан МАН-ын гишүүн М.Энхболдын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцлага тооцож ажиллахыг... МАН гишүүн Ц.Сандуй МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж ёсзүйн алдаа гаргасан байх тул 4.4, 4.5 дахь заалтад заасан хариуцлагыг тооцож ажиллахыг... МАН гишүүн А.Ганбаатар МАН Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.9 дэх заалтыг зөрчиж алдаа гаргасан байх тул 4-р зүйлийн 4.4, 4.5, 6-р зүйлийн 6.6 дахь хариуцлагыг тооцохоор... (МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны 2018.08.03-ны өдрийн 13 тоот Хариуцлага тооцож ажиллах тухай тогтоолоос)
2018.08.02 М.Энхболд: ...намынхаа нэр хүндийг #60тэрбум асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна... (МАН Хяналтын Ерөнхий хороонд бичгээр өгсөн тайлбараас)
2018.07.31 Л.Оюун-Эрдэнэ: ...Эвлүүлэг гэж дүгнэлт гаргахын тулд шаардлагатай бүх хууль тогтоомжийг ашигласан байгаа юм. Энэ дүгнэлт дээр "...дууг дүрсжүүлсэн учраас эвлүүлэг..." гэжээ. Монголд Миеэгомбын Энхболд гэдэг улстөрч мэлзэж болох байх л даа... Хамгийн хортой нь, төр нь дагаж мэлзэж байгаа юм. АТГ нь томилсон хүнээ дагаад мэлзэж байгаа байхгүй юу. Дууг аваад дүрсжүүлсэн учраас энэ бол эвлүүлэг юмаа гэдэг дүгнэлтийг АТГ гаргаад сууж байгаа байхгүй юу... (Мэлзээ төр нэвтрүүлгээс)
2018.07.10 Л.Оюун-Эрдэнэ: ...АТГ болон бусад байгууллагын хувьд томилсон хүнээ хамгаалж байгаа зүйл бол тодорхой болж байгаа... УИХ-ын 25 гишүүн гарын үсэг зурж УИХ-ын Ээлжит бус чуулганыг зарлахаар шийдэж өнөөдөр УИХ-ын Даргад өгөх гэж байна... (Төрийн ордонд хийсэн мэдээллээс)
2018.06.28 У.Хүрэлсүх: ...Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз... (УИХ дахь МАН-ын Бүлгийн хурал дээр хэлсэн үгнээс)
2018.06.28 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд яагаад Нээлттэй сонсголоос эмээгээд, гишүүдийг зуруулахгүй байх тэр зүйлд нь халдаад байгааг би ойлгохгүй байгаа... (УИХ-ын Хаврын чуулган завсарлахаас өмнө Нээлттэй сонсгол явуулах тухай бичигт 19 УИХ-ын гишүүний гарын үсэг цуглуулж дуусах үеэр өгсөн мэдээлэл)
2018.06.27 Л.Оюун-Эрдэнэ: ...манай тусгай алба энхрий хайрт томилсон даргынхаа эвлүүлэг гэсэн мэдэгдлийг нотлохын тулд дууг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэж дэлхийд хосгүй дүгнэлт гаргажээ... (Л.Оюун-Эрдэнийн бичсэн "Хууль засаглах уу? Хувь хүн засаглах уу?" нийтлэлээс)
2018.06.27 О.Баасанхүү: ...Нам гэдэг нэрээр, миний сонгуульд ажилласан юмаа. Энэний төлбөрийг төлье гэж байгаа болвол энэ чинь 60 тэрбум л гэсэн үг шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)
2018.06.20 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд та ёсзүйн хариуцлага хүлээж огцрох ёстой... #60тэрбумтай холбоотой асуудлыг цаасан дээрх байдлаар бус бичлэг дээрх нэр бүхий гурван хүн буюу УИХ-ын дарга М.Энхболд, гэрч Доржзодов, бусад гэрчүүд, хууль хяналтын байгууллага, эхлээд бичлэг эх хувиараа байна гэж нотолсон шинжээчид, хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийхийг УИХ-ын гишүүдэд уриалж байна... (Төрийн ордонд хийсэн Хэвлэлийн бага хурлаас)
2018.06.15 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга #60тэрбумын асуудлаа шүүхээр шийдүүлэхээс нааш би Чуулганд суухгүй... (АТГ үүдэнд өгсөн мэдээллээс)
2018.02.15 М.Энхболд: ...60 тэрбумын асуудалтай холбоотой 2016 оны 6 сард ч би байр сууриа илэрхийлж байсан. Сая сонгуулийн үеэр ч "Энэ бол эвлүүлэг ээ" гэдгийг ч хэлж байсан... Тэр ярианд би бол оролцоогүй. Тэр ярилцлаганд бол би байгаагүй. Энэ бол эвлүүлэг байна аа гэдгийг тухайн үед нь хэлж байсан. Жишээлэхийн бол, "Намын байрны гадна цүнхтэй хандив авчирч өгсөн хүний хандив, хандивын бүртгэл байхгүй болчихсон байна лээ" гэдэг болвол Тусгаар тогтнолын ордонд Намын санхүүжилтийн ажлын хэсгийн хурал дээр миний ярьж байсан яриа л байж байх жишээтэй... (ТВ25 телевизийн Ам нээвэл нэвтрүүлгээс)
2017.12 сар ТЕГ Цэнджаргал:. ...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Гомдол гаргана. Эд мөрийн баримтыг буцааж өгөхгүй... (2017 оны 4 сард mp3 хөгжмийг тагнуулын хэрэгсэлд тооцсон хуурамч дүгнэлт гаргуулсан нь ингээд илчлэгдсэн)
2017.11.02 НПГ Д.Баярмагнай: ...хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар 2014 онд "Шинэ Монгол хаад групп” ХХК-ын байранд Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь МАН-ын 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох, бодлого, стратеги, төлөвлөгөө, санхүүжилт хэрхэн босгох талаарх яриа хэлцэл хийсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн... Одоо энэ аудио бичлэгийг үнэн худал гэх асуудал хамаагүй. Би дээр хэлсэн шүү дээ. Прокурорын байгуулага энэ асуудлыг болоогүй, энэ бичлэг эвлүүлэг, худал зүйл гэж хэлээгүй, дүгнээгүй. Дахин хэлье. Энэ асуудал, яригдсан зүйл нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)
2017.09.22 С.Амарсайхан: ...Худлаа гэхэд дэндүү үнэн. Үнэн гэхэд дэндүү сэтгэл гонсоймоор бичлэг байсан... (НИТХ-ын Даргаас Ц.Сандуйг огцруулах үеэр хэлсэн үг)
2017.09.04 НПГ Ж.Ариунаа: ...Хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Сандуй, Ганбаатар нар МАН-ын ... стратеги, төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон... Легаль Аудио Видео компаниар гаргуулсан шинжээчийн дүгнэлтийг ... нотлох баримтаар үнэлэх боломжгүй... 162 болон 40 минутын бичлэг эх файл нь биш учраас шинжилгээний шаардлага хангаагүй гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)
2017.09.04 НПГ Ж.Ариунаа: Төрийн албыг үнэлж мөнгө босгох тухай яриа уулзалтанд У.Хүрэлсүх, Ц.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар болон А.Ганбаатарын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдоогүй. (А.Ганбаатар 2017.08.17-нд хийсэн Хэвлэлийн хурлаараа худал мэдээлэл тараасан нь ингээд тогтоогдсон)
2017.08.23 Ж.Энхбаяр: ...60 тэрбумтай холбоотой Монгол төрийг худалдсан ийм шившигт явдал болж байна. Хэрвээ монголчууд бид төрөө мөнгөөр худалддаг болж байгаа бол монголчуудын төрд итгэдэг тэр үнэт зүйл нуран унана. Монголын ард түмэн өөр хаашаа хандах юм бэ?! Итгэж байсан төр нь, итгэж найдсан сонгуульд 65 суудал өгсөн МАН нь тэдний итгэлийг мөнгөөр үнэлж зарж байгаа байдал гэдэг бол туйлын ноцтой, Монгол Улсын язгуур эрх ашгаас урвасан, Монголын төрт ёсыг худалдсан, төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг гэж үзэж байгаа... (Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах т