УИХ-ын гишүүн Л.Болдтой ээлжит бус чуулган зарлан хуралдуулах, шалтгаан нөхцлийн талаар ярилцлаа.
-“УИХ БОЛ УИХ-ЫН ДАРГА ЮМ” ГЭСЭН САНААГ ОЛОН НИЙТЭД
ХҮЧЭЭР ТУЛГАЖ БАЙНА-
-АН-ын бүлгийн зүгээс МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 60 тэрбумын асуудлаар шаардлага хүргүүлсэн. Шаардлагын гол зорилго, утга агуулгын талаар ярилцлагынхаа эхэнд асууя.
-60 тэрбум нэг намын дотоод асуудал биш. Монголын төрийг схемчилж байгаад, дэлгүүрийн бараа шиг зарах талаар ярьсан нь ноцтой асуудал юм. Энэ нь Монгол Улсын оршин тогтнох эрхийг хөндсөн зүйл. Сүүлийн хоёр жил энэ асуудал яригдаж, хангалттай хэмжээнд баримтууд сөхөгдлөө. Ард түмэн ч маш ойлгомжтойгоор дүнгээ тавьчихаад байна. Ерөнхийлөгч Х.Баттулга “60 тэрбумын асуудлыг цэгцэлнэ” гэж ард түмэндээ амласан. Олон нийт одоо энэ асуудлыг хэрхэн шийдэгдэх нь үү гэж хүлээж байна. Хуулийн байгууллага өнгөрсөн хугацаанд 60 тэрбумын асуудлыг зориуд царцааж, булзайруулсан байдлаар ажиллаж ирлээ. Ийм байдлыг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй. Ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх шаардлага тавигдсан ч УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийг хүртэл хүлээж авсангүй. Тиймээс бид МАН-ын даргад нь хандаж, ер нь энэ асуудлаа нэг талд гаргаач ээ гэж шаардаж байгаа юм.
-Намрын чуулганаас өмнө 60 тэрбумын асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах болов уу?
-УИХ-ын 26 гишүүн 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай гэж үзэн, гарын үсгээ зурсан. Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулганыг 60 тэрбумын асуудлаар зарлан хуралдуулахыг шаардсан албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболд хүргүүлсэн. Энэ хоёр хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээж авсангүй. Ингэснээр Үндсэн хуулийн хоёр зөрчил яг бодитойгоор үүсчихлээ. УИХ-ын дарга М.Энхболд өөрийнх нь 60 тэрбумын асуудлыг ярина гэхээр булзайруулж, цаг хожоод яваад байна. Энэ нь маш хортой үзэгдэл юм. Улстөржих болохоороо УИХ, хууль хяналтын байгууллагууд ямар хурдтай ажилладаг билээ. Гэтэл 60 тэрбумын асуудал УИХ дээр, хууль хяналтын байгууллага дээр мухардчихдаг. Тиймээс 60 тэрбумын асуудлаар парламентын түвшинд зайлшгүй нээлттэй сонсгол хийх шаардлагатай. Гэрчүүдээ яриул, олон түмний нүүрэнд тодорхой хүмүүс нь тайлбараа өгөх хэрэгтэй. Нөхцөл байдал ийм байхад М.Энхболд ээлжит бус чуулган зарлахгүй цаг хожиж байгаа нь буруу.
-УИХ-ын дарга нь 60 тэрбумтай нэр холбогддог учраас чуулганаар энэ асуудлыг хэлэлцэхгүй байх бүх аргыг хэрэглэх нь тодорхой биш үү?
-Ер нь энэ асуудлаа олон нийтэд нээлттэй байдлаар мухарлахгүй бол эргүүлээд ард түмэнд ямар ч хариу өгч мэднэ. 2020 оны сонгууль хаяанд ирчихлээ. Дүнгээ тавиулаад л гарна гэсэн үг. Бид ард түмэн, нийгмийн тогтолцооны нийтлэг эрх ашгийг хамгаалах учиртай. Эргэлзээтэй асуудлыг мухарлахын төлөө Ардчилсан Нам тууштай ажиллах болно. Бид цаашдаа ч 60 тэрбумын асуудлаар тасралтгүй шаардлагаа тавиад явна. Өмнөх байр суурь минь ч хэвээрээ байгаа.
-Үндсэн хуулийн хоёр зөрчлийг УИХ-ын дарга үүсгэчихлээ гэсэн тайлбарыг та сая яриандаа дурдлаа. Энэ нь эргээд УИХ-ын даргад хариуцлага тооцох, огцруулах үндэслэл нь болохгүй юм уу?
-Хуулийн байгууллагаас 60 тэрбумын асуудлаар эцсийн дүгнэлтийг гаргаагүй байна. Тэгэхээр УИХ-ын даргыг шууд 60 тэрбумын асуудалтай холбоотой гэж дүгнэх нь хуулиндаа нийцэхгүй болчихоод байгаа юм. Гэхдээ энэ асуудлаар УИХ-ын 26 гишүүн ээлжит бус чуулган зарлахыг шаардсан. Ерөнхийлөгч албан тоот илгээсэн. Үүнийг УИХ-ын дарга м.Энхболд хүлээж авахгүй байгаа нь өөрөө Үндсэн хуулийн зөрчил юм. УИХ-ын даргын үндсэн чиг үүрэг чуулганы нэгдсэн хуралдааныг зохион байгуулах. Түүнээс биш УИХ-ын дарга өнөөдөр УИХ-ыг өөрөөр нь орлодог, Үндсэн хуулийг өөрийнхөөрөө тайлбарладаг. Дээрээс нь УИХ-ын бүрэн эрхийг өөртөө шингээдэг байж болохгүй. УИХ бол УИХ-ын дарга юм гэсэн санааг масст тулгаад байгаа юм. УИХ ямар ч үед гишүүдийн шаардлагаар хуралдахад бэлэн байх ёстой.
-МОНГОЛЫН АРДЧИЛАЛ 2016 ОНД ТӨГСГӨЛ БОЛЧИХСОН, ОРШУУЛЧИХСАН
ГЭДГИЙГ ӨНӨӨДӨР НОТОЛЖ БАЙНА-
-Ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд Үндсэн хуулийг зөрчсөн тохиолдолд үүрдэг хариуцлагыг чангатгах ёстой юм биш үү?
-Хуулийн энэ зөрчлийг цаашдаа маш тодорхой болгох ёстой. Ингэж чадахгүй бол Монгол Улсын төрийн дээд байгууллага нэг хүний барьцаанд орох эрсдэл хэвээр байх болно. Бидний өмнөх 70 жилийн түүх байна. Бүхэл бүтэн ард түмэн, улс үндэстэн нэг хүний барьцаанд явж ирсэн. Өнөөдөр Үндсэн хуулийг зөрчих замаар ийм нөхцөл байдал дахиад үүсчихлээ. Тиймээс дахиж ямар ч УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчиж, чуулганы үйл ажиллагааг хаадаг ийм том зөрчил үүсгэхгүй байх чиглэлд анхаарах хэрэгтэй. Шууд хааж өгөхгүй л бол бид шударга ёс, хүний эрхийг уландаа гишгэх өндөр эрсдэл үүсгэж байна гэсэн үг. Цаашид нэг ч УИХ-ын дарга ийм төрлийн зөрчил үүсгэхийг зүрхэлдэггүй тийм хууль эрхзүйн орчинг үүсгэх хэрэгтэй. Улаан цагаандаа гарчихсан, чуулганаа өөрийнхөө нэр хүндийг харйлаад хуралдуулахгүй суугаад байж болохгүй биз дээ. Энэ бол байж болохгүй асуудал.
-Гэхдээ 60 тэрбумын асуудал УИХ-аар эрт орой хэзээ нэгэн цагт яригдах нь тодорхой. Харин хэлэлцэх хугацааг хойшлуулах байдлаар цаг хожоод байгаа нь ямар учиртай юм бол?
-Парламентын засаглалын 28 жилийн ой тохиож байна. 28 жилийн энэ өндөрлөгөөс харахад, ингэж цаг хождог, араар хуйвалддаг байдал улам бүр газар авч байна. Ард түмэн цөхрөхдөө МАНАН гэсэн тогтолцоо үүсчихлээ гэж хардаж байна. Эрх барьж байгаа намууп яг улстөрийн намын жишгээр ажилладаг. Санал өгсөн олон нийтийн эрх ашгийг хамгаалдаг зарчим байна уу гэдэг сонгогчид эргэлзэж байна. Өөрөөр хэлбэл, ард түмэн Монголын төрийн үндсийн үндэст эргэлзэж байна гэсэн үг. Ямар ч тохиролцоо, наймаа цаг хугацааны явцад ил болдог. Ил боллоо ч үр дүн нь хэдийнэ гараад эхэлчихсэн байдаг. Тиймээс ард түмэн Монголын төрийг төр шиг ажилладаг байхын төлөө тэмцэх хэрэгтэй. Үгээ хэлэх ёстой л гэж би харж байгаа.
-Ер нь дан ганц 60 тэрбумын асуудал гэлтгүй “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал, багш нарын цалингийн нэмэгдэл, шатахууны өсөлт гэхчлэн улс эх оронд тулгамдсан олон асуудал үүсчихээд байна. Нөхцөл байдал ийм байхад ганц 60 тэрбумын асуудлыг хэлэлцэхгүй гэх шалтгаанаар олон чухал асуудлын хажуугаар УИХ чимээгүй өнгөрч байгаа нь хэр зохистой зүйл вэ?
-Чуулган завсарлангуут л наадмын өмнө ба хойно ээлжит бус чуулган зарлаад, хаврын чуулганаар хэлэлцэж амжаагүй цаг үеийн шинжтэй чухал асуудлуудаа хэлэлцэх ёстой байсан. Ер нь дэлхийн бүх парламентууд зуны улиралд бүрэн хаагдчихдаггүй. Ялангуяа есдүгээр сард хуралдаж байх хэрэгтэй. “Эрдэнт”, “Оюутолгой-“н асуудлыг яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Хамгийн наанадаж, Зам, тээврийн хөгжлийн сайдаа томилох хэрэгтэй. Бүх газрын дарга нарыг нь халчихсан, яам ямар ч удирдлагагүй байна. Үүнийг УИХ ярих ёстой биз дээ. Төрийн байгууллагад нэгнээ хөнөөсөн аймшигтай хэрэг гарлаа. Энэ чинь нөгөө л 60 тэрбумын улбаа. Урин дулааны цагт хамгийн их ажилтай байдаг, гол бүтээн байгуулалтын яам нь удирдлагаар хангагдаагүй явсаар хүйтэн сэрүүний улиралтай золгохоор болчихлоо. Сайдыг нь Засгийн газраас чөлөөлөх шийдвэр гарлаа. Маргааш нь УИХ энэ асуудлаар хуралдаж байх ёстой. Үүний төлөө гишүүд цалин авдаг. Гишүүдийг дуудахад хүрээд л ирнэ. Гишүүдийн хэн нь хар гариг руу нисчихээгүй. Ийм байхад ээлжит бус зарлах л юм бол 60 тэрбумын асуудлыг хэлэлцэнэ гэсэн хувь хүний бологоомжлолоос болоод улс орны чухал асуудлууд орхигдоод байгаа нь маш буруу үзэгдэл.
-УИХ одоо 75 гишүүнтэй. Ард түмэн төлөөллөө УИХ-д суулгах эрх зөрчигдөж буй үзэгдлийн талаар та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Хэнтийн 42-р тойргийн ард иргэдийн төлөөллөө парламентад суулгах, түүгээр дамжуулан санал бодлоо илэрхийлэх эрх шууд байдлаар зөрчигдөж байгаа. Сонгуулийн Ерөнхий Хороо хаврын чуулганаар нэг тогтоол оруулж ирээд батлуулсан. Түүнийг нь Үндсэн хуулийн цэц унагачихаж байгаа юм. Монгол Улсад дахин хэзээ ч сонгууль хийхгүй нөхцөл байдал руу оруулж байгаа юм. Ерөөсөө Монголын ардчилал 2016 онд төгсгөл болчихсон, оршуулчихсан гэдгийг өнөөдөр нотолж байна. Хүсэхгүй байна. Сонгууль хийхгүй. Ард түмэн яах нь хамаа байхгүй гээд хаячихаж байгаа юм. Нэг нам парламентад олонхи болох нь ийм аюултай. Ардчиллын суурь багануудыг тэд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нурааж эхэлж байна.
Ж.МЯДАГБАДАМ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН
Эх сурвалж: http://medee.mn/main.php?eid=111519
#60тэрбум ИШЛЭЛҮҮД
2019.01.22 Г.Доржзодов: #60тэрбум хэргийг хэрэгсэхгүй болгох, хаахад оролцсон ”хонгил” гэж бодож байгаа хүмүүс:
АТГ мөрдөгч Бат-Олзвой (2016) НПГ прокурор Ширэндэв СБД прокурор Мажигсүрэн (2016) СБД Цагдаагийн 1-р Хэлтэс Батсайхан ТЕГ МШХ Орлогч Ууганбаяр ТЕГ мөрдөгч Цэнджаргал ТЕГ мөрдөгч Сэргэнмандах ЦЕГ Тэргүүн дэд БатбаатарЭднүүсээс одоо ч гэсэн #60тэрбум хэргийг шалгах Ажлын хэсэгт зарим нь ажилласаар байгаа. Тэдэнд эрх мэдлээрээ нөлөө үзүүлсэн улстөрчид, удирдах албан тушаалтнууд, тусалж хамтарч ажилласан байгууллага хувь хүмүүс бас бий. Хэрэг илүү тодорхой болмогц нийтэд хүргэнэ.
2019.01.17 Б.Пүрэвдорж (УИХГ): 60 тэрбумын схемийн үр дагавраар хууль бусаар халагдсан хүмүүсийн зардал төсөвт том ачаа болж байна.
2018.12.26 Д.Гэрэл (ТЕГ дарга): 60 тэрбумын асуудал шалгагдаж байгаа...
2018.12.25 Ж.Батзандан: "60 тэрбум"-ын хэрэг баримттай, нотолгоотой хэрэг
2018.10.24 Г.Доржзодов: АТГ нотлох баримтыг сольж эвлүүлэг гэдэг дүгнэлтийг 2016 онд гаргуулсан... Энэ бол авлига албан тушаалын хэрэг биш. Энэ бол Үндсэн Хуулийн 3.2 заалтыг зөрчсөн үйлдэл байсан...
2018.10.21 Н.Алтанхуяг: Ямар эрүүл ухаантай, ёсзүйтэй намын дарга хэдэн хүний албан тушаал зарж арилжаалах тухай яриаг сонсож, дэмжээд сууж байх вэ. Ингэж яриад суух нь гэмт хэрэг гэдгийг мэдэж буй ч хууль хяналтын байгууллагын хонгилд өөрсдийнх нь хүмүүс байгаад аархсан хэрэг биш үү. Ийм нам төрийн эрхэнд гарч, төр ялзарлаа.
2018.10.05 Л.Оюун-Эрдэнэ: ...Төрийн байгууллагууд эвлүүлэг гэж мэлздэг юм байна. АТГ нь эвлүүлэг гэж мэлздэг юм байна. Нийтийн сонсгол хийх гэхлээр Прокурор нь тухайлсан хүнд нь Нийтийн сонсгол хийж болохгүй гэж мэлздэг юм байна. Одоо нэг байгууллагыг харах үлдсэн. Энэ бол Үндсэн хуулийн цэц... Энэ байгууллага дээр хүссэн ч, эс хүссэн ч энэ асуудал очих байх... (Төрийн ордонд сэтгүүлчдэд өгсөн мэдээллээс)
2018.10.04 Д.Эрдэнэбат: ...Төрийн албыг үнэгүйдүүлж, улс төртэй хутгаж, 60 тэрбумаар арилжаалснаас үүдэн төрийн албаны мерит зарчим алдагдаж, үүний хор уршгаар мэргэшсэн, чадварлаг, ёсзүйтэй хүний нөөцөөр хангагдах ёстой төр үнэгүйдэн, бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нийгмийг цочирдуулж, бухимдуулсан асуудлууд шил даран гарсаар байна... (УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтээс)
2018.10.01 Д.Сумъяабазар: ...МАН урагшаа явахад түвэгтэй байдал үүслээ гэж харж байгаа. Өнгөрсөн сонгуулиар яригдсан 60 тэрбумтай холбоотой, газартай холбоотой авлигын асуудал гээд олон түмэн бүгдээрээ л харж, шүүж, мэдэж байгаа... (Ярилцлагын хэсгээс)
2018.09.19 Ц.Нямдорж: ...Тэр ярьсан хүмүүс нь ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой. Энийг бол эвлүүлэг гэж болохгүй... Ямар ч байсан Сандуй нь /ажлаа/ өгчихсөн шүү дээ. Би тэр үг хэлсэний дараа /2017.08.17-нд ТВ25 телевизэд өгсөн ярилцлагаа хэлж буй/. Хүлээсэн байгаа биз?... Эрүүл хүний санаанд оромгүй юм ярьцгаасан. Нэр усыг нь жигштэл, зэвүүцэл төрүүлмээр. Ийм юм хэлчихсэн л юм бол уучлаарай гэж хэлэх ухаан төрөх л ёстой шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)
2018.09.19 Ш.Раднаасэд: ...Ээлжит Бус Чуулганыг зарлах эсэхийг шийддэг газар Хуульзүйн Байнгын хороо биш байхгүй юу. Энэ чинь УИХ-ын Даргын бүрэн эрхийн асуудал... (утсаар өгсөн ярилцлагаас)
2018.09.10 Н.Алтанхуяг: ...Миэегомбын Энхболд гэдэг хүнтэй холбоотой асуудал энэ хүнийг УИХ-ын Дарга байхад шийдэгдэхгүй байх аа. Яагаад гэвэл, АТГ-ын Энхжаргал даргыг энэ хүн тавьсан. АТГ-ын Дарга яалаа гэж тавьсан хүнийхээ ийм юманд оролцсон гэдгийг тогтоох вэ дээ! Тогтоох сонирхол ч байхгүй... (Төр самардаг нууц технологи. 60 тэрбумын талаар нэвтрүүлэгийн хэсгээс)
2018.08.06 Д.Амарбаясгалан: ...Ганц #60тэрбумын хэрэг гэлгүй ёсзүйгүй нөхдөд бүгдэд нь хариуцлага тооцно... (Тусгаар тогтнолын ордонд хийсэн Хэвлэлийн хурлаас)
2018.08.06 Ц.Даваасүрэн: ...Ер нь бол 60 тэрбумын асуудлыг ярих ёстой. Нэг тийш болгох ёстой. Тэгж байж дараагийн сонгуульд орох ёстой... (МАН-ын Бага хурлын үеэр өгсөн ярилцлагаас)
2018.08.03 М.Энхболд: ...Ээлжит бус чуулган зарлах асуудлыг Хуульзүйн Байнгын хороо авч үзэж байж ярих ёстой гэдэг шийдвэрийг УИХ-ын Даргын зөвлөл хоёр удаагийн хурлаараа ярьсан... (Телевизэд өгсөн мэдээлэл)
2018.08.03 МАН-ын Хяналтын Ерөнхий хороо: ...МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёсзүйн алдаа гаргасан МАН-ын гишүүн М.Энхболдын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцлага тооцож ажиллахыг... МАН гишүүн Ц.Сандуй МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж ёсзүйн алдаа гаргасан байх тул 4.4, 4.5 дахь заалтад заасан хариуцлагыг тооцож ажиллахыг... МАН гишүүн А.Ганбаатар МАН Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.9 дэх заалтыг зөрчиж алдаа гаргасан байх тул 4-р зүйлийн 4.4, 4.5, 6-р зүйлийн 6.6 дахь хариуцлагыг тооцохоор... (МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны 2018.08.03-ны өдрийн 13 тоот Хариуцлага тооцож ажиллах тухай тогтоолоос)
2018.08.02 М.Энхболд: ...намынхаа нэр хүндийг #60тэрбум асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна... (МАН Хяналтын Ерөнхий хороонд бичгээр өгсөн тайлбараас)
2018.07.31 Л.Оюун-Эрдэнэ: ...Эвлүүлэг гэж дүгнэлт гаргахын тулд шаардлагатай бүх хууль тогтоомжийг ашигласан байгаа юм. Энэ дүгнэлт дээр "...дууг дүрсжүүлсэн учраас эвлүүлэг..." гэжээ. Монголд Миеэгомбын Энхболд гэдэг улстөрч мэлзэж болох байх л даа... Хамгийн хортой нь, төр нь дагаж мэлзэж байгаа юм. АТГ нь томилсон хүнээ дагаад мэлзэж байгаа байхгүй юу. Дууг аваад дүрсжүүлсэн учраас энэ бол эвлүүлэг юмаа гэдэг дүгнэлтийг АТГ гаргаад сууж байгаа байхгүй юу... (Мэлзээ төр нэвтрүүлгээс)
2018.07.10 Л.Оюун-Эрдэнэ: ...АТГ болон бусад байгууллагын хувьд томилсон хүнээ хамгаалж байгаа зүйл бол тодорхой болж байгаа... УИХ-ын 25 гишүүн гарын үсэг зурж УИХ-ын Ээлжит бус чуулганыг зарлахаар шийдэж өнөөдөр УИХ-ын Даргад өгөх гэж байна... (Төрийн ордонд хийсэн мэдээллээс)
2018.06.28 У.Хүрэлсүх: ...Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз... (УИХ дахь МАН-ын Бүлгийн хурал дээр хэлсэн үгнээс)
2018.06.28 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд яагаад Нээлттэй сонсголоос эмээгээд, гишүүдийг зуруулахгүй байх тэр зүйлд нь халдаад байгааг би ойлгохгүй байгаа... (УИХ-ын Хаврын чуулган завсарлахаас өмнө Нээлттэй сонсгол явуулах тухай бичигт 19 УИХ-ын гишүүний гарын үсэг цуглуулж дуусах үеэр өгсөн мэдээлэл)
2018.06.27 Л.Оюун-Эрдэнэ: ...манай тусгай алба энхрий хайрт томилсон даргынхаа эвлүүлэг гэсэн мэдэгдлийг нотлохын тулд дууг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэж дэлхийд хосгүй дүгнэлт гаргажээ... (Л.Оюун-Эрдэнийн бичсэн "Хууль засаглах уу? Хувь хүн засаглах уу?" нийтлэлээс)
2018.06.27 О.Баасанхүү: ...Нам гэдэг нэрээр, миний сонгуульд ажилласан юмаа. Энэний төлбөрийг төлье гэж байгаа болвол энэ чинь 60 тэрбум л гэсэн үг шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)
2018.06.20 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд та ёсзүйн хариуцлага хүлээж огцрох ёстой... #60тэрбумтай холбоотой асуудлыг цаасан дээрх байдлаар бус бичлэг дээрх нэр бүхий гурван хүн буюу УИХ-ын дарга М.Энхболд, гэрч Доржзодов, бусад гэрчүүд, хууль хяналтын байгууллага, эхлээд бичлэг эх хувиараа байна гэж нотолсон шинжээчид, хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийхийг УИХ-ын гишүүдэд уриалж байна... (Төрийн ордонд хийсэн Хэвлэлийн бага хурлаас)
2018.06.15 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга #60тэрбумын асуудлаа шүүхээр шийдүүлэхээс нааш би Чуулганд суухгүй... (АТГ үүдэнд өгсөн мэдээллээс)
2018.02.15 М.Энхболд: ...60 тэрбумын асуудалтай холбоотой 2016 оны 6 сард ч би байр сууриа илэрхийлж байсан. Сая сонгуулийн үеэр ч "Энэ бол эвлүүлэг ээ" гэдгийг ч хэлж байсан... Тэр ярианд би бол оролцоогүй. Тэр ярилцлаганд бол би байгаагүй. Энэ бол эвлүүлэг байна аа гэдгийг тухайн үед нь хэлж байсан. Жишээлэхийн бол, "Намын байрны гадна цүнхтэй хандив авчирч өгсөн хүний хандив, хандивын бүртгэл байхгүй болчихсон байна лээ" гэдэг болвол Тусгаар тогтнолын ордонд Намын санхүүжилтийн ажлын хэсгийн хурал дээр миний ярьж байсан яриа л байж байх жишээтэй... (ТВ25 телевизийн Ам нээвэл нэвтрүүлгээс)
2017.12 сар ТЕГ Цэнджаргал:. ...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Гомдол гаргана. Эд мөрийн баримтыг буцааж өгөхгүй... (2017 оны 4 сард mp3 хөгжмийг тагнуулын хэрэгсэлд тооцсон хуурамч дүгнэлт гаргуулсан нь ингээд илчлэгдсэн)
2017.11.02 НПГ Д.Баярмагнай: ...хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар 2014 онд "Шинэ Монгол хаад групп” ХХК-ын байранд Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь МАН-ын 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох, бодлого, стратеги, төлөвлөгөө, санхүүжилт хэрхэн босгох талаарх яриа хэлцэл хийсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн... Одоо энэ аудио бичлэгийг үнэн худал гэх асуудал хамаагүй. Би дээр хэлсэн шүү дээ. Прокурорын байгуулага энэ асуудлыг болоогүй, энэ бичлэг эвлүүлэг, худал зүйл гэж хэлээгүй, дүгнээгүй. Дахин хэлье. Энэ асуудал, яригдсан зүйл нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)
2017.09.22 С.Амарсайхан: ...Худлаа гэхэд дэндүү үнэн. Үнэн гэхэд дэндүү сэтгэл гонсоймоор бичлэг байсан... (НИТХ-ын Даргаас Ц.Сандуйг огцруулах үеэр хэлсэн үг)
2017.09.04 НПГ Ж.Ариунаа: ...Хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Сандуй, Ганбаатар нар МАН-ын ... стратеги, төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон... Легаль Аудио Видео компаниар гаргуулсан шинжээчийн дүгнэлтийг ... нотлох баримтаар үнэлэх боломжгүй... 162 болон 40 минутын бичлэг эх файл нь биш учраас шинжилгээний шаардлага хангаагүй гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)
2017.09.04 НПГ Ж.Ариунаа: Төрийн албыг үнэлж мөнгө босгох тухай яриа уулзалтанд У.Хүрэлсүх, Ц.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар болон А.Ганбаатарын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдоогүй. (А.Ганбаатар 2017.08.17-нд хийсэн Хэвлэлийн хурлаараа худал мэдээлэл тараасан нь ингээд тогтоогдсон)
2017.08.23 Ж.Энхбаяр: ...60 тэрбумтай холбоотой Монгол төрийг худалдсан ийм шившигт явдал болж байна. Хэрвээ монголчууд бид төрөө мөнгөөр худалддаг болж байгаа бол монголчуудын төрд итгэдэг тэр үнэт зүйл нуран унана. Монголын ард түмэн өөр хаашаа хандах юм бэ?! Итгэж байсан төр нь, итгэж найдсан сонгуульд 65 суудал өгсөн МАН нь тэдний итгэлийг мөнгөөр үнэлж зарж байгаа байдал гэдэг бол туйлын ноцтой, Монгол Улсын язгуур эрх ашгаас урвасан, Монголын төрт ёсыг худалдсан, төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг гэж үзэж байгаа... (Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах т