2018.08.03 МАН-ын Хяналтын ерөнхий хороо: Намын дүрэм зөрчсөн гишүүдэд дараах хариуцлагыг тооцно
Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороо энэ сарын гуравны өдөр хуралдаж дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнд намын сонгуульт болон намаас санал болгон сонгогдож, томилогдсон төрийн, улс төрийн албан тушаалтнуудын ёс зүй, гишүүдийн сахилга хариуцлагын байдал, 60 тэрбумын гэх хэрэгт нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцох асуудал, мөн Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхийн нэр дээр ирүүлсэн гомдол зэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Хуралдаанаас 60 тэрбумын гэх хэрэгт нэр холбогдсон Монгол Ардын Намын гишүүн М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь намын дүрэм зөрчиж ёс зүйн алдаа гаргасан хэмээн дүгнэн хариуцлага тооцох тухай дараах тогтоолыг гаргалаа.
Хяналтын Ерөнхий Хорооноос МАН-ын гишүүн М.Энхболдын асуудлыг Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцлага тооцуулахаар шийдвэрлэсэн бол Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг Монгол Ардын Намын дүрмийн 4.4-т заасан улс төрийн дэмжлэгүүдийг тодорхой хугацаанд үзүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Мөн А.Ганбаатарыг Монгол Ардын Намын дүрмийн 6.6-д зааснаар нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Монгол Ардын Намын дүрмийн 6.6-д “Намын хорооны тэргүүлэгчдийн дүгнэлтийг үндэслэн намаас гарсанд тооцох тухай шийдвэр гаргаж тухайн гишүүнд болон харьяалагдах намын анхан шатны байгууллагад нь мэдэгдэнэ” гэж заажээ.
Харин Ш.Батсүхийг намын дүрмийн 2р зүйлийн 2.4.2, 2.4.3, 2.4.4 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж одоо эрхэлж буй Засаг даргын орлогчын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзаж, намын дүрмийн дагуу арга хэмжээ авахыг Ховд аймгийн намын хороонд үүрэг болголоо.
Ингээд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хорооны хуралдааны тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эх сурвалж: http://nam.mn/a/8b6
2018.08.07 14:25
Дээрх тогтоолтой холбоотой МАН-ын Дүрмийн зүйл, заалтууд
ХОЁРДУГААР БҮЛЭГ
НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛ
4 дүгээр зүйл. Монгол Ардын Намын гишүүний эрх, үүрэг
4.2.5. Намын эв нэгдлийг хамгаалах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх;
4.2.6. Намын эрх ашигт үл нийцэх улс төрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах;
4.2.7. Гишүүний татвар, хураамжийг тогтоосон хугацаанд тогтмол төлөх, хандив өргөх, намын хэвлэл захиалах зэргээр намын сан, хөмрөгийг арвижуулахад идэвхитэй оролцох;
4.2.8. Намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан бүр хуулийг чандлан сахиж ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх;
4.2.9. Намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх;
...
4.4. Энэхүү дүрмийн 4.2.5, 4.2.8, 4.2.9-ийг зөрчсөн гишүүнд улс төрийн дараах дэмжлэг үзүүлэхээс тодорхой хугацаагаар татгалзана:
4.4.1. Намаас санал болгож сонгогдож, томилогддог аливаа албан тушаалд нэр дэвшүүлэх;
4.4.2. Хуульд өөрөөр заагаагүй бол одоо ажиллаж байгаа албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах;
4.4.3. Намын хүний нөөцийн санд бүртгэх.
4.5 Энэхүү дүрмийн 4.4-т заасан хариуцлагыг тооцохдоо намын Удирдах Зөвлөл болон тухайн гишүүнийг хүний нөөцдөө бүртгэсэн намын байгууллагын тэргүүлэгчид нь намын хяналтын байгууллагын дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Гаргасан шийдвэрийг тухайн гишүүнд өөрт нь болон анхан шатны байгууллагад нь мэдэгдэнэ.
6.6. Аймаг, нийслэлийн намын хяналтын хороо энэ дүрмийн 6.5-д заасан намын гишүүний зөрчлийг бусад этгээдийн ирүүлсэн гомдол, мэдээлэл болон өөрийн санаачлагаар хянан шалгаж нотлогдсон тохиолдолд дүгнэлт гарган намын хорооны тэргүүлэгчдэд танилцуулна. Намын хорооны тэргүүлэгчид дүгнэлтийг үндэслэн намаас гарсанд тооцох тухай шийдвэр гаргаж тухайн гишүүнд болон харьяалагдах намын анхан шатны байгууллагад нь мэдэгдэнэ.
Эх сурвалж: http://www.nam.mn/c/c