MON
  • MON
  • ENG
6o bln
  • Эхлэл
  • 90 мин
  • 40 мин
  • ШШҮХ шинжээчийн тайлбар
  • FBI шинжээчийн дүгнэлт
  • Он цагийн дараалал
  • Ньюс

2017.09.04 Ж.Ариунаа: Нийслэлийн Прокурорын газраас олны анхаарал татсан зарим хэргүүдийг хянаж, шийдвэрлэлээ

September 5, 2017 at 9:00 am, No comments
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТАНД БАЙГАА ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН ЗАРИМ ХЭРГҮҮДИЙН ШИЙДВЭРЛЭЛТ, ЯВЦ БАЙДЛЫН ТАЛААР НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ, Ж.АРИУНААТАЙ ЯРИЛЦЛАА.

-Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж байгаа "МАН-ын удирдах албан тушаалтнууд Төрийн албыг ашиг болгон үнэлж "60 тэрбум” төгрөг босгосон гэх хэргийн явц байдал ямар шатандаа явж байна?


-Энэ асуудал 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн өмнө олон нийтийн дунд сошиал орчинд аудио бичлэг тарж эхэлсэн. Үүний дагуу хуулийн байгууллагаас холбогдох шалгалтыг хийж гүйцэтгэн тухайн асуудал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнээд 2016 онд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл 2017 оны 5 сараас тухайн асуудал дахин яригдаж эхэлсэн бөгөөд аудио бичлэгийн хэмжээ ихэсч 40 минутын, 90 минутын, 162 минутын бичлэгүүд шинээр гарч ирсэн. Үүнтэй холбогдуулж Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх шинээр ирүүлсэн бичлэгүүдийг шалгах шаардлагатай гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн. Ингээд хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн албаны удирдах албан тушаалтнууд өөрөөр хэлбэл ахлах мэргэжилтэн, хэлтэс, газар, агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, сайд гэхчлэн 3000 гаруй алба хаагч нарын судалгааг гаргасан. Үүнээс 2016 оны сонгуулийн үр дүнгээс хойш төрийн албанд ахлахаас дээш албан тушаалд томилогдсон, дэвшин томилогдсон нийт 1446 албан хаагчийн төрийн албанд томилогдсон байдлыг шалгасан. Түүнчлэн Монгол Ардын намаас 2016 оны сонгуулийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгсөн санхүүгийн тайлан, бусад холбогдох санхүүгийн баримт, материал, нэр бүхий хүмүүсийн дансны хөдөлгөөн, Монгол Ардын намд 2016 оны сонгуулиар авсан хандив, тусламж өгсөн хувь хүн, албан тушаалтан, хуулийн этгээдүүдийг шалгасан.

Мөн Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авч, 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар шалгахад сонгуулийн үйл ажиллагаанд хэн нэгэн албан тушаалтан, нам эвсэл, улс төрийн хүчний зүгээс хөндлөнгөөс нөлөөлсөн, санал тоолох машин /хар машин/-ыг хакердсан, сонгуулийн үр дүнг зориудаар өөрчилсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл сонгуулийн үйл ажиллагаанд ямар нэгэн будлиан зөрчил үүсээгүй, хууль, журмын дагуу хэвийн явагдсан болох нь тогтоогдсон.

Дээрх шалгалтын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

-Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол Ардын намын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын дуу хоолой бүхий аудио болон видео бичлэг цахим орчинд тавигдсан. Тухайн бичлэгийн талаар шинжилгээний байгууллагаас ямар дүгнэлт гаргасан бэ?   

-Бичлэгтэй холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 6 удаагийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур өөр шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 1 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан.  

Олон нийтэд тараагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургийг оруулсан мөн бичгийн хэлбэрээр текст оруулсан дуу, дүрсний бичлэгийн хувьд эвлүүлэг, монтаж хийгдсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл 3 хүний харилцан яриа бүхий дууны бичлэгт эвлүүлэг хийж дүрс, текст оруулж монтаж хийсэн гэдэг нь тогтоогдсон. Харин сүүлд шинээр гарч ирсэн зөвхөн дууны бичлэг болох 40 минут, 162 минутын гэх бичлэгүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан "Шинжилгээний обьект нь эх хувь байна” гэсэн шаардлагыг хангаж чадаагүй учраас шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг шинжилгээний байгууллагаас гаргасан байдаг. 

Бид аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ зайлшгүй тусгай мэдлэг шаардагдсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулдаг. Гэтэл Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжилгээний обьект нь заавал эх хувь байна гэдэг заалттай. Энэ утгаараа дээрх бичлэгүүд нь эх хувь биш хуулбар байсан тул шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байдлыг бий болгосон байгаа.

Ер нь цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулж байгаа нэг асуудал бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан "Шинжилгээний обьект нь эх хувь байна” гэсэн заалт болоод байгаа учраас прокурорын байгууллагаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг байгууллагад дээрх хуулийн заалтыг эргэж харах, дэлхий нийтийн жишигт нийцсэн техник тоног төхөөрөмж, өндөр мэдлэг боловсрол бүхий боловсон хүчинтэй болох тэдний чадавхыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах талаар албан бичиг хүргүүлэхээр тогтсон.

Хэдийгээр олон нийтэд тараагдсан аудио бичлэгт шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн хэдий ч хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуульд оролцох Монгол Ардын намын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон гэж үзсэн. Гэхдээ тухайн яриа, төлөвлөгөө нь бодит байдал дээр хэрэгжсэн нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй.

-Улсын Их  хурлын гишүүн асан Ц.Оюунгэрэл 90 минутын гэх бичлэгт Америкийн Нэгдсэн улсад шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан энэ талаар?

-Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гаргаж өгсөн Америкийн Нэгдсэн Улсын "Нью Йорк” хот дахь "Аудио Пэйнт” ХХК-ийн салбар болох шүүх шинжилгээний үйлчилгээний "Легал Аудио Видео” компаниар гаргуулсан шинжээчийн дүгнэлт гэх баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр шинжээч томилж, тухайн хуульд заасан шинжээчийн эрх эдэлж, үүрэг хүлээсэн, хэрэв санаатайгаар худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгож, үүнийгээ баталж дүгнэлт гаргаж буй шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх хуулийн зохицуулалттай. Тэгэхээр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гаргаж өгөөд байгаа шинжээчийн дүгнэлт гэх баримтыг бид нотлох баримтаар үнэлэх боломжгүй. 

-А.Ганбаатар хэвлэлийн хурал хийж, "60 тэрбум” төгрөг босгох тухай уулзалт, ярианд Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, Улсын Их хурлын гишүүн Ц.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцсон гэж мэдэгдсэн. Энэ асуудлыг шалгаж тогтоосон уу?

-Төрийн албыг үнэлж мөнгө босгох тухай яриа уулзалтанд Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, Улсын Их хурлын гишүүн Ц.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар болон А.Ганбаатарын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдоогүй.

-"Монголын төмөр зам” ТӨХК-тай холбоотой Монголын төмөр замын суурь бүтэц барих ажлыг хууль бусаар явуулсан хэрэгт төрийн нэр бүхий албан тушаалтнууд холбогдсон асуудал ямар шатандаа шалгагдаж байна вэ?

-Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар Зам Тээврийн Яам болон "Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн албан тушаалтнуудад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Хэрэгт Гашуун сухайт Ухаа худаг чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессыг холбогдох хууль тогтоомж зөрчин "Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлж улмаар БНСУ-ын "Самсунг Си энд Ти” ХХК-тай концессын гэрээ байгуулан улсад их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, "Самсунг Си энд Ти” компаний Монгол дахь "Эс Си Ти Си Эм” ХХК-ний захирал БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж 2017 оны 03 дугаар сард шүүхэд шилжүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээс 2017 оны 07 дугаар сарын 29-нд нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэн хэргийг буцааж, шүүхийн захирамж, магадлалд заасан ажиллагааг хамтарсан ажлын хэсгээс хийж гүйцэтгэн одоо А.Гансүх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтанд ирүүлснийг хянаж байна.

-Энэ хэрэгт Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан Х.Баттулгыг холбоотой гэж яригдаж байсан. Ямар хамааралтай болох талаар мэдээлэл өгнө үү?

-Эрүүгийн 201501000154 дугаартай А.Гансүх нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад "Монголын Төмөр Зам” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ, "Либерти партнерс” ХХК-г үүсгэн байгуулсан Ч.Ганбат нар нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдахаас өмнө Монгол Улсын хилээр гадагш гарсан бөгөөд П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нар байхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасны дагуу П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нарт холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ажлын хэсгээс хэргийн холбогдогч нарт шинээр мөрдөгдөж эхэлсэн хуульд нийцүүлэн яллагдагчаар татах санал гаргаж  ирүүлснийг прокуророос хянаж үзээд Х.Баттулга нь Ч.Ганбат, Б.Батзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож Даланзадгад Чойбалсангийн чиглэлийн 1100 орчим  километр төмөр замын суурь бүтэц барих төсөлд Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багаар "МакКинсэй энд Компани” компанийг холбогдох хууль тогтоомж зөрчин сонгосон, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхтэй бүлэглэн Концессын хууль холбогдох бусад дүрэм журмыг зөрчин Гашуун сухайт Ухаа худаг чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг хууль бусаар "Самсунг Си энд Ти” компанид шилжүүлсэн зэрэг үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнээд Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгэрэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Харин дээрхи хэрэгт Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг мөрдөгчийн саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагчаар татан одоо мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.          

-Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын ажилд нэр бүхий улс төрийн албан тушаалтнууд 4.4 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх асуудал ямар шатандаа явна вэ?

-Эрүүгийн цагдаагийн газрын Гүйцэтгэх ажил эрхэлсэн тасгаас дээрх мэдээллийн талаар шалгаж 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 1661 дугаар зүйлийн 1661.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад, тухайн үед "Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны зарим албан тушаалтнууд болон "Натур фрейндли” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Буяндэлгэр, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгаа хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дарга М.Баянмөнх, нарийн бичгийн дарга Г.Түвшинжаргал, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Золжаргал гэх зэрэг 20 гаран хүмүүсийг холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 273 дугаар зүйлийн 273.2, 1661 дугаар зүйлийн 1661.3, 148 дугаар зүйлийн 148.4  дахь хэсэгт зааснаар шалгасан. Хэрэгт цугларсан баримтаар  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, "Сайн шанд аж үйлдвэрийн цогцолбор” ХК, "Натур Фрейдли” ХХК-ний хооронд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрт орших 3519.7 га, шинэ суурьшлын бүс байгуулах Сайншанд сумын нутаг дэвсгэрт орших 508.9 га талбайд болон Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт орших "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын 24623 га талбайн "Байгаль орчин, нийгэм эдийн засгийн төлөв байдлын үнэлгээ”-ний хүрээнд бодит ажлыг гүйцэтгэсэн нь тогтоогдсон. Тиймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нараас прокурорт гаргасан гомдлын дагуу хэргийг хянаж "Натур Фрейндли” ХХК нь Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгаа хийж гүйцэтгэх гэрээний дагуу улсын төсвөөс нийт 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авч, зориулалтын дагуу зарцуулаагүй, холбогдох албан тушаалтнуудын хамт завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, олсон орлогын хууль бус эх сурвалжийг нуун далдлах зорилгоор бусдад шилжүүлж, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хангалттай нотлогдож тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

-Оффшор бүсэд данс эзэмшдэг хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдээлж байсан. Шалгалтын явц байдал хэр үр дүнтэй байна?

-Олон улсын сэтгүүл зүйн нийгэмлэг /ICIJ/ цахим хуудсанд оффшор бүсэд данс эзэмшдэг аж ахуй нэгж, компани, хүмүүсийн талаар мэдээлэл гарсан энэ дунд "Монгол улс” гэсэн бүртгэлтэй 49 буюу 48 иргэн, 1 аж ахуй нэгжийг мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд үүнийг нарийвчлан шалгаж үзэхэд Монгол Улсын 29 иргэний нэр дээр бүртгэлтэй 42 аж ахуй нэгж тогтоогдсон. Үүнээс 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс болон уг хүмүүстэй хамаарал бүхий хүмүүс байдаг. Тухайн хүмүүсийг ХАСХОМ-ийн мэдээллийг хянаж үзэхэд оффшор бүсэд данс эзэмшдэг талаар огт мэдээлэл бичээгүй болох нь АТГ-ын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн шалгалтаар тогтоогдсон тул 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

-Оффшор данстай холбогдуулаад дэлгэрүүлж асуух зүйл байна. Олон нийтийн сүлжээгээр Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр нар оффшор бүсэд данс эзэмшдэг гэж гарч байсан ч, тухайн асуудалд нэр холбогдсон эрхмүүд үгүйсгэж байсан энэ талаар хариулт өгөөч?

-Оффшор бүсэд данс эзэмшдэг гэх 23 иргэний мэдээлэл дотор таны сая асуусан хоёр хүн байгаа. Тухайн хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүдийг олж тогтоох болон бусад мэдээлэл нь энэ хэрэгт шалгагдаж байгаа. Харин энэ хэрэгт гадаад улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй дансны мэдээллийг шалгах шаардлага гарч байгаа нь Олон улсын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу гадаад улсын нутаг дэвсгэр дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хүсэлт хүргүүлэх болон хариу материал авах зэргээр цаг хугацаа нэлээн шаардсан ажиллагаатай бөгөөд одоо энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Сүүлийн асуулт. УИХ-ийн гишүүн Д.Гантулгатай холбоотой гэх хэрэг олон нийтийн анхаарлыг их татаж байна. Энэ хэргийн талаар?

-2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ч.Наранзаяа нь бусдад хүчиндүүлсэн гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргаж, уг гомдол мэдээллийг тус хэлтсээс шалгаж, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрийг Ч.Наранзаяа эс зөвшөөрч Улсын Ерөнхий Прокурорын газарт хандаж гомдол гаргасны дагуу материалыг Улсын Ерөнхий Прокурорын газраас хянаад нэмэлт нотлох баримт цуглуулж, шалгах шаардлагатай гэж үзэж 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

-Баярлалаа.

 ЭХ СУРВАЛЖ: http://www.prokuror.mn/a/1748


No comments

Leave a reply







#60тэрбум

ХЭН, ХЭЗЭЭ, ЮУ ХЭЛЭВ?

2022.02.11 Д.Амарбаясгалан: "...аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Ингээд шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасна. Намын гишүүнчлэлээс хасагдчихаад буцаад элсэх асуудал байхгүй. Насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдана гэсэн үг..."

2019.02.21 "...А.Ганбаатарыг МАН-аас гарсанд тооцсугай..." (Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 4 тоот тогтоол ҮЗЭХ)

2019.02.18 "...МАН-ын Дүрэм"-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дахь заалтуудыг тус тус зөрчсөн Монгол Ардын Намын гишүүн Ц.Сандуйг Монгол Ардын Намын гишүүнээс гарсанд тооцсугай..." (МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 23 тоот тогтоол ҮЗЭХ)

2019.01.21 Г.Доржзодов (@ГэрФорум): "...2016 онд анх 60 тэрбум бичлэг задлахад Улсын ерөнхий прокурор Энх-Амгалан байсан. Өнөөдөр ч байсаар байна. Энх-Амгалан яагаад М.Энхболдын бүрэн эрхийг одоо болтол түдгэлзүүлж шалгах саналаа УИХ-д оруулж ирэхгүй байгаа юм бэ? 2016 онд АТГ хуурамч нотлох баримт ШШҮХ-д шилжүүлж шалгуулаад хэргийг хаалгасан. Тэр үедээ АТГ мөрдөгч Бат-Олзвой нэг ч үг өгүүлбэр тайлбар М.Энхболдоос аваагүй хэргийг хаасан. Шалгуулах ёстой хүмүүс нь цэвэрлэгдээд, би харин гэмт хэрэгтэн болоод хэрэг хаагдсан. ТЕГ гүйцэтгэх ажлын шугамаар мэдээлэл авагдаж хэргийг сэргээн шалгах болсон гэж Энх-Амгалан хэлсээр байтал АТГ яагаад ТЕГ-аас 60 тэрбум хэргийг татаж аваад өнөөдрийг хүртэл ямарч ахицгүй дараад бгаан бэ?! Уг нь энэ хэрэг ҮХ-ийн 3.2 Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдах гэсэн зүйлчлэлтэй гэмт хэрэг. УПЕГ болон харъяалалын дагуу энэ төрлийн хэргийг хариуцдаг ТЕГ 2016 онд яагаад юу ч хийгээгүй юм бэ?! Ер нь 60 тэрбум гэх хэрэг авлигын гэхээсээ илүү ҮХ 3.2 хэрэг. Гэтэл яагаад АТГ рүү байн байн шилжүүлж дардаг юм бэ?! Дахин дахин сэргээх бүртээ уг хэргийг хэрэгсэхгүй болгож хааж байсан Ажлын хэсэг л дахин дахин шалгахаар томилогдоод байх юм..."

2019.01.22 Г.Доржзодов: #60тэрбум хэргийг хэрэгсэхгүй болгох, хаахад оролцсон ”хонгил” гэж бодож байгаа хүмүүс:

АТГ мөрдөгч Бат-Олзвой (2016)
НПГ прокурор Ширэндэв СБД прокурор Мажигсүрэн (2016) СБД Цагдаагийн 1-р Хэлтэс Батсайхан ТЕГ МШХ Орлогч Ууганбаяр ТЕГ мөрдөгч Цэнджаргал ТЕГ мөрдөгч Сэргэнмандах
ЦЕГ Тэргүүн дэд Батбаатар

Эднүүсээс одоо ч гэсэн #60тэрбум хэргийг шалгах Ажлын хэсэгт зарим нь ажилласаар байгаа. Тэдэнд эрх мэдлээрээ нөлөө үзүүлсэн улстөрчид, удирдах албан тушаалтнууд, тусалж хамтарч ажилласан байгууллага хувь хүмүүс бас бий.

2019.01.17 Б.Пүрэвдорж (УИХГ): 60 тэрбумын схемийн үр дагавраар хууль бусаар халагдсан хүмүүсийн зардал төсөвт том ачаа болж байна.

2019.01.11 М.Энх-Амгалан (Ерөнхий прокурор): 60 тэрбумын гээд яриад байгаа хэрэг маань бол арай өөр тусдаа хэрэг. Тэгээд одоо тэрийг эвлүүлэг гэж хаасан гээд л янз янзын юм ярьдаг. Прокурорын байгууллага энийг эвлүүлэг гэж хаагаагүй ээ. Энэ буруу ойлголт яваад... Тэгээд "...энэ эвлүүлэг байна аа гэж яриад ингээд хаагаад хайцаалаад байгаамаа. Энэ асуудал болоогүй гэж үзэж байгаа юмаа..." гэж яригдаад байгаа. Үгүй ээ. Прокурорын байгууллага үйл явдал, энэ яриа хөөрөө бүгдээрээ болсон юмаа гэдгийг болвол тэр өөрийнхөө гаргасан шийдвэр, тогтоолдоо зааж өгсөн... Тэгээд дараа нь Тагнуулын ерөнхий газраас "...манай дээр тодорхой хэмжээний мэдээлэл байна. Энийгээ бид нар шалгамаар байна." гэдэг хүсэлт тавиад, энэ асуудал сэргээгдээд одоо шалгагдаж байгаа.

2018.12.26 Д.Гэрэл (ТЕГ дарга): 60 тэрбумын асуудал шалгагдаж байгаа...

2018.12.25 Ж.Батзандан: "60 тэрбум"-ын хэрэг баримттай, нотолгоотой хэрэг

2018.10.25 Л.Болд: “60 тэрбум”-ын хэргийг илчилсэн Г.Доржзодов бол Монголын номер нэг “Шүгэл үлээгч”. Дэлхийн жишээ болчихлоо шүү дээ. Ийм аймшигтай тогтолцооны эсрэг ганц хүн зогсож байна. Тэр хүнийг бид яаж хамгаалж байна. Тагнуул, цагдаа, шүүх зэрэг бүх хуулийн байгууллага яаж дарамтлав.

2018.10.24 Г.Доржзодов: АТГ нотлох баримтыг сольж эвлүүлэг гэдэг дүгнэлтийг 2016 онд гаргуулсан... Энэ бол авлига албан тушаалын хэрэг биш. Энэ бол Үндсэн Хуулийн 3.2 заалтыг зөрчсөн үйлдэл байсан...

2018.10.21 Н.Алтанхуяг: Ямар эрүүл ухаантай, ёсзүйтэй намын дарга хэдэн хүний албан тушаал зарж арилжаалах тухай яриаг сонсож, дэмжээд сууж байх вэ. Ингэж яриад суух нь гэмт хэрэг гэдгийг мэдэж буй ч хууль хяналтын байгууллагын хонгилд өөрсдийнх нь хүмүүс байгаад аархсан хэрэг биш үү.  Ийм нам төрийн эрхэнд гарч, төр ялзарлаа.

2018.10.17 Л.Болд: УИХ-ын 26 гишүүн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн боловч шалтаг заан ээлжит бус чуулган зарлалгүй төрийн үйл ажиллагааг тасалдуулсан нь #ҮндсэнХууль зөрчсөн хэмээн үзэж иргэний хувиар #ҮндсэнХууль-д хандлаа (Твитр хуудаснаас)

2018.10.05 Л.Оюун-Эрдэнэ: ...Төрийн байгууллагууд эвлүүлэг гэж мэлздэг юм байна. АТГ нь эвлүүлэг гэж мэлздэг юм байна. Нийтийн сонсгол хийх гэхлээр Прокурор нь тухайлсан хүнд нь Нийтийн сонсгол хийж болохгүй гэж мэлздэг юм байна. Одоо нэг байгууллагыг харах үлдсэн. Энэ бол Үндсэн хуулийн цэц... Энэ байгууллага дээр хүссэн ч, эс хүссэн ч энэ асуудал очих байх... (Төрийн ордонд сэтгүүлчдэд өгсөн мэдээллээс)

2018.10.04 Д.Эрдэнэбат: ...Төрийн албыг үнэгүйдүүлж, улс төртэй хутгаж, 60 тэрбумаар арилжаалснаас үүдэн төрийн албаны мерит зарчим алдагдаж, үүний хор уршгаар мэргэшсэн, чадварлаг, ёсзүйтэй хүний нөөцөөр хангагдах ёстой төр үнэгүйдэн, бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нийгмийг цочирдуулж, бухимдуулсан асуудлууд шил даран гарсаар байна... (УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтээс)

2018.10.01 Х.Баттулга: ...асуудлууд хуримтлагдсаар, нийгэм бухимдсаар байх тийм нөхцөл бат тогтжээ... Ганцхан жишээ дурдахад, хоёр жилийн өмнөөс илчлэгдэж, яригдаж эхэлсэн 60 тэрбумын гэх тодотголтой хэргийг эцэслэх талаар УИХ-ын Чуулганыг завсарлуулахгүйгээр хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналыг би гаргаж байсан. Дараа нь Ээлжит бус чуулганаар хэлэлцэх нөхцөл байдал үүсэнийг сануулж, Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналыг би бас хүргүүлсэн. УИХ-ын гишүүдийн 1/3-ээс дээших нь бас шаардсан. Ерөнхийлөгчийн санал гаргасан зэрэг Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах Хуульд заасан хоёр үндэслэл нэгэн зэрэг бий болсон тохиолдолд УИХ-ын Дарга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх ёстой юмаа. Гэтэл үүргээ биелүүлсэнгүй... (УИХ-ын 2018 оны Намрын чуулганы Нээлтэд хэлсэн үгнээс)

2018.10.01 Д.Сумъяабазар: ...МАН урагшаа явахад түвэгтэй байдал үүслээ гэж харж байгаа. Өнгөрсөн сонгуулиар яригдсан 60 тэрбумтай холбоотой, газартай холбоотой авлигын асуудал гээд олон түмэн бүгдээрээ л харж, шүүж, мэдэж байгаа... (Ярилцлагын хэсгээс)

2018.09.19 Ц.Нямдорж: ...Тэр ярьсан хүмүүс нь ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой. Энийг бол эвлүүлэг гэж болохгүй... Ямар ч байсан Сандуй нь /ажлаа/ өгчихсөн шүү дээ. Би тэр үг хэлсэний дараа /2017.08.17-нд ТВ25 телевизэд өгсөн ярилцлагаа хэлж буй/. Хүлээсэн байгаа биз?... Эрүүл хүний санаанд оромгүй юм ярьцгаасан. Нэр усыг нь жигштэл, зэвүүцэл төрүүлмээр. Ийм юм хэлчихсэн л юм бол уучлаарай гэж хэлэх ухаан төрөх л ёстой шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)

2018.09.19 Ш.Раднаасэд: ...Ээлжит Бус Чуулганыг зарлах эсэхийг шийддэг газар Хуульзүйн Байнгын хороо биш байхгүй юу. Энэ чинь УИХ-ын Даргын бүрэн эрхийн асуудал... (утсаар өгсөн ярилцлагаас)

2018.09.17 Л.Болд: ...Хуулийн байгууллага өнгөрсөн хугацаанд 60 тэрбумын асуудлыг зориуд царцааж, булзайруулсан байдлаар ажиллаж ирлээ... УИХ-ын 26 гишүүн 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай гэж үзэн, гарын үсгээ зурсан. Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулганыг 60 тэрбумын асуудлаар зарлан хуралдуулахыг шаардсан албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн. Энэ хоёр хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээж авсангүй. Ингэснээр Үндсэн хуулийн хоёр зөрчил яг бодитойгоор үүсчихлээ... (medee.mn сайтад өгсөн ярилцлагаас)

2018.09.10 Н.Алтанхуяг: ...Миэегомбын Энхболд гэдэг хүнтэй холбоотой асуудал энэ хүнийг УИХ-ын Дарга байхад шийдэгдэхгүй байх аа. Яагаад гэвэл, АТГ-ын Энхжаргал даргыг энэ хүн тавьсан. АТГ-ын Дарга яалаа гэж тавьсан хүнийхээ ийм юманд оролцсон гэдгийг тогтоох вэ дээ! Тогтоох сонирхол ч байхгүй... (Төр самардаг нууц технологи. 60 тэрбумын талаар нэвтрүүлэгийн хэсгээс)

2018.08.06 Д.Амарбаясгалан: ...Ганц #60тэрбумын хэрэг гэлгүй ёсзүйгүй нөхдөд бүгдэд нь хариуцлага тооцно... (Тусгаар тогтнолын ордонд хийсэн Хэвлэлийн хурлаас)

2018.08.06 Ц.Даваасүрэн: ...Ер нь бол 60 тэрбумын асуудлыг ярих ёстой. Нэг тийш болгох ёстой. Тэгж байж дараагийн сонгуульд орох ёстой... (МАН-ын Бага хурлын үеэр өгсөн ярилцлагаас)

2018.08.03 М.Энхболд: ...Ээлжит бус чуулган зарлах асуудлыг Хуульзүйн Байнгын хороо авч үзэж байж ярих ёстой гэдэг шийдвэрийг УИХ-ын Даргын зөвлөл хоёр удаагийн хурлаараа ярьсан... (Телевизэд өгсөн мэдээлэл)

2018.08.03 МАН-ын Хяналтын Ерөнхий хороо: ...МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёсзүйн алдаа гаргасан МАН-ын гишүүн М.Энхболдын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцлага тооцож ажиллахыг... МАН гишүүн Ц.Сандуй МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж ёсзүйн алдаа гаргасан байх тул 4.4, 4.5 дахь заалтад заасан хариуцлагыг тооцож ажиллахыг... МАН гишүүн А.Ганбаатар МАН Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.9 дэх заалтыг зөрчиж алдаа гаргасан байх тул 4-р зүйлийн 4.4, 4.5, 6-р зүйлийн 6.6 дахь хариуцлагыг тооцохоор... (МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 13 тоот Хариуцлага тооцож ажиллах тухай тогтоол ҮЗЭХ)

2018.08.02 М.Энхболд: "...намынхаа нэр хүндийг уг асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна..." (МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр М.Энхболдын бичгээр гаргасан Хүсэлтийн хэсгээс. Хүсэлтийг бүрэн эхээр ҮЗЭХ)

2018.07.31 Л.Оюун-Эрдэнэ: ...Эвлүүлэг гэж дүгнэлт гаргахын тулд шаардлагатай бүх хууль тогтоомжийг ашигласан байгаа юм. Энэ дүгнэлт дээр "...дууг дүрсжүүлсэн учраас эвлүүлэг..." гэжээ. Монголд Миеэгомбын Энхболд гэдэг улстөрч мэлзэж болох байх л даа... Хамгийн хортой нь, төр нь дагаж мэлзэж байгаа юм. АТГ нь томилсон хүнээ дагаад мэлзэж байгаа байхгүй юу. Дууг аваад дүрсжүүлсэн учраас энэ бол эвлүүлэг юмаа гэдэг дүгнэлтийг АТГ гаргаад сууж байгаа байхгүй юу... (Мэлзээ төр нэвтрүүлгээс)

2018.07.10 Л.Оюун-Эрдэнэ: ...АТГ болон бусад байгууллагын хувьд томилсон хүнээ хамгаалж байгаа зүйл бол тодорхой болж байгаа... УИХ-ын 25 гишүүн гарын үсэг зурж УИХ-ын Ээлжит бус чуулганыг зарлахаар шийдэж өнөөдөр УИХ-ын Даргад өгөх гэж байна... (Төрийн ордонд хийсэн мэдээллээс)

2018.06.29 Л.Оюун-Эрдэнэ: ..."60 тэрбум"-ын асуудлаар би тултал нь явж мухарлана (ярилцлага)

2018.06.28 У.Хүрэлсүх: ...Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз... (УИХ дахь МАН-ын Бүлгийн хурал дээр хэлсэн үгнээс)

2018.06.28 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд яагаад Нээлттэй сонсголоос эмээгээд, гишүүдийг зуруулахгүй байх тэр зүйлд нь халдаад байгааг би ойлгохгүй байгаа... (УИХ-ын Хаврын чуулган завсарлахаас өмнө Нээлттэй сонсгол явуулах тухай бичигт 19 УИХ-ын гишүүний гарын үсэг цуглуулж дуусах үеэр өгсөн мэдээлэл)

2018.06.27 Л.Оюун-Эрдэнэ: ...манай тусгай алба энхрий хайрт томилсон даргынхаа эвлүүлэг гэсэн мэдэгдлийг нотлохын тулд дууг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэж дэлхийд хосгүй дүгнэлт гаргажээ... (Л.Оюун-Эрдэнийн бичсэн "Хууль засаглах уу? Хувь хүн засаглах уу?" нийтлэлээс)

2018.06.27 О.Баасанхүү: ...Нам гэдэг нэрээр, миний сонгуульд ажилласан юмаа. Энэний төлбөрийг төлье гэж байгаа болвол энэ чинь 60 тэрбум л гэсэн үг шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)

2018.06.20 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд та ёсзүйн хариуцлага хүлээж огцрох ёстой... #60тэрбумтай холбоотой асуудлыг цаасан дээрх байдлаар бус бичлэг дээрх нэр бүхий гурван хүн буюу УИХ-ын дарга М.Энхболд, гэрч Доржзодов, бусад гэрчүүд, хууль хяналтын байгууллага, эхлээд бичлэг эх хувиараа байна гэж нотолсон шинжээчид, хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийхийг УИХ-ын гишүүдэд уриалж байна... (Төрийн ордонд хийсэн Хэвлэлийн бага хурлаас)

2018.06.15 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга #60тэрбумын асуудлаа шүүхээр шийдүүлэхээс нааш би Чуулганд суухгүй... (АТГ үүдэнд өгсөн мэдээллээс)

2018.02.15 М.Энхболд: ...60 тэрбумын асуудалтай холбоотой 2016 оны 6 сард ч би байр сууриа илэрхийлж байсан. Сая сонгуулийн үеэр ч "Энэ бол эвлүүлэг ээ" гэдгийг ч хэлж байсан... Тэр ярианд би бол оролцоогүй. Тэр ярилцлаганд бол би байгаагүй. Энэ бол эвлүүлэг байна аа гэдгийг тухайн үед нь хэлж байсан. Жишээлэхийн бол, "Намын байрны гадна цүнхтэй хандив авчирч өгсөн хүний хандив, хандивын бүртгэл байхгүй болчихсон байна лээ" гэдэг болвол Тусгаар тогтнолын ордонд Намын санхүүжилтийн ажлын хэсгийн хурал дээр миний ярьж байсан яриа л байж байх жишээтэй... (ТВ25 телевизийн Ам нээвэл нэвтрүүлгээс)

2017.12 сар ТЕГ Цэнджаргал:. ...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Гомдол гаргана. Эд мөрийн баримтыг буцааж өгөхгүй... (2017 оны 4 сард mp3 хөгжмийг тагнуулын хэрэгсэлд тооцсон хуурамч дүгнэлт гаргуулсан нь ингээд илчлэгдсэн)

2017.11.02 НПГ Д.Баярмагнай: ...хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар 2014 онд "Шинэ Монгол хаад групп” ХХК-ын байранд Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь МАН-ын 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох, бодлого, стратеги, төлөвлөгөө, санхүүжилт хэрхэн босгох талаарх яриа хэлцэл хийсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн... Одоо энэ аудио бичлэгийг үнэн худал гэх асуудал хамаагүй. Би дээр хэлсэн шүү дээ. Прокурорын байгуулага энэ асуудлыг болоогүй, энэ бичлэг эвлүүлэг, худал зүйл гэж хэлээгүй, дүгнээгүй. Дахин хэлье. Энэ асуудал, яригдсан зүйл нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)

2017.09.22 С.Амарсайхан: ...Худлаа гэхэд дэндүү үнэн. Үнэн гэхэд дэндүү сэтгэл гонсоймоор бичлэг байсан... (НИТХ-ын Даргаас Ц.Сандуйг огцруулах үеэр хэлсэн үг)

2017.09.04 НПГ Ж.Ариунаа: ...Хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Сандуй, Ганбаатар нар МАН-ын ... стратеги, төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон... Легаль Аудио Видео компаниар гаргуулсан шинжээчийн дүгнэлтийг ... нотлох баримтаар үнэлэх боломжгүй... 162 болон 40 минутын бичлэг эх файл нь биш учраас шинжилгээний шаардлага хангаагүй гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)

2017.09.04 НПГ Ж.Ариунаа: Төрийн албыг үнэлж мөнгө босгох тухай яриа уулзалтанд У.Хүрэлсүх, Ц.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар болон А.Ганбаатарын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдоогүй. (А.Ганбаатар 2017.08.17-нд хийсэн Хэвлэлийн хурлаараа худал мэдээлэл тараасан нь ингээд тогтоогдсон)

2017.08.23 Ж.Энхбаяр: ...60 тэрбумтай холбоотой Монгол төрийг худалдсан ийм шившигт явдал болж байна. Хэрвээ монголчууд бид төрөө мөнгөөр худалддаг болж байгаа бол монголчуудын төрд итгэдэг тэр үнэт зүйл нуран унана. Монголын ард түмэн өөр хаашаа хандах юм бэ?! Итгэж байсан төр нь,  итгэж найдсан сонгуульд 65 суудал өгсөн МАН нь тэдний итгэлийг мөнгөөр үнэлж зарж байгаа байдал гэдэг бол туйлын ноцтой, Монгол Улсын язгуур эрх ашгаас урвасан, Монголын төрт ёсыг худалдсан, төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг гэж үзэж байгаа... (Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах т

©2017 Dorjzodov G.