2019.09.06 Прокуророос “60 тэрбум”-ын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ
September 6, 2019 at 2:00 pm,
No comments
Авлига, албан тушаалын хэргүүдийн тухайд ихэвчлэн нууц далд аргаар үйлдэгддэг, тодорхой хугацааны дараа илэрдэг, үйлдсэн гэмт хэрэг, цаашлаад нуугдмал эд хөрөнгийг олж тогтоохын тулд хүн хүч, ажиллагаа, цаг хугацаа маш ихээр шаардагддаг гэдгийг албаныхан хэлж байна. Прокурорын байгууллагын тухайд хуульд заасны дагуу хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэн, ялангуяа олны анхаарал татсан хэргүүдийг шуурхай шалгуулж шийдвэрлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа ба өнгөрөгч долоо хоногт олны анхааралд байгаа зарим хэргийг хянаж харьяа шүүхэд шилжүүлээд байгаа аж.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Д.Эрдэнэсувд “Олны анхааралд байсан зарим хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгож, хяналтанд ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас хянаад, наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхэнд шийдвэрлэсэн. Тухайлбал, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд, Төрийн банкны болон Барилга хот байгуулалтын яамны удирдах албан тушаалтнуудын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар 20 тэрбум төгрөгийн зээл олгосон, мөн 14.9 тэрбум төгрөгөөр хууль, тогтоомж зөрчиж, худалдан авах ажиллагаа гүйцэтгэсэн үйлдэлтэй, Монгол улсын Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашигласан”, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн бусдыг хүчиндсэн, хүчиндэхийг завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1,1 дүгээр зүйлд заасан, хүчиндэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, ХХААХҮЯ-ны болон тус яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн албан тушаалтнуудтай холбоотой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22,1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 22,4 дүүгээр зүйлийг 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд, Монголбанкны удирдах албан тушаалтны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлээд байна” гэлээ.
Эх сурвалж: https://news.zindaa.mn