2019.08.09 14:30 ТЕГ-аас Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг “60 тэрбум”-ын хэрэгт яллагдагчаар татах саналаа хүргүүлжээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нарт Эрүүгийн хуулийн 19.2-т заасанчлан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” зүйл заалтаар хэрэг үүсгээд байсан билээ.
Тэдний хэргийг Тагнуулын Ерөнхий Газар шалгаж өчигдөр Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт шилжүүлсэн байна.
Эргэн сануулахад Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь төрийн албаны ахлах мэргэжилтнээс дээшээ бүх албан тушаалыг зарах төлөвлөгөөг намын дарга М.Энхболддоо танилцуулж буй аудио бичлэг алдагдсан билээ. Энэхүү бичлэгтэй холбоотойгоор “60 тэрбум”-ын гэх нэртэй хэрэг бий болж хоёр жил гаруй энэ асуудалд хэрэг үүсгэнэ, үүсгэхгүй, эвлүүлэг байсан, байгаагүй гэж явсаар ийнхүү тэднийг яллагдагчаар татах санал прокурорт шилжсэн байна.
Ц.Сандуй ямартай ч олон нийтийн шахалтын дүнд НИТХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө гаргасан байдаг. Мөн МАН Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг намаасаа хөөгөөд буй.
Ц.Сандуй нь НИТХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаснаа 60 тэрбумын асуудалд холбогдсондоо бус Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадаагүйд хариуцлага хүлээж буй хэлбэр гэж тайлбарласан байдаг.
Гэхдээ Ц.Сандуй нь төрийн албыг арилжих схем танилцуулснаа өөрөө хүлээн зөвшөөрч ярилцлага өгсөн байдаг удаатай.
Харин энэхүү ярилцлагыг өгснийхөө дараанаас тэрбээр алдагдсан бичлэгийг эвлүүлэг байсан гэж үгүйсгэсэн удаатай.
Эрүүгийн хуулийн 19.2.1-т “Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг билээ.
Дээрх мэдээллийг баталгаажуулах үүднээс УЕПГ-аас тодруулахад, “Хэргийг прокурорт шилжүүлсэн нь үнэн” гэв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар буруутгасан бол иргэн Г.Доржзодовт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
Эх сурвалж:
http://www.24tsag.mn/o/69/a/174508
http://www.zaluu.com/read/3a8e19g3c
http://www.arslan.mn/politics/news/606627.shtml
http://www.olloo.mn/n/66951.html
http://www.buzznews.mn/news/156/single/24520
http://itoim.mn/article/G8hYM/17909
https://medee.mn/single/137901