MON
  • MON
  • ENG
6o bln
  • Эхлэл
  • 90 мин
  • 40 мин
  • ШШҮХ шинжээчийн тайлбар
  • FBI шинжээчийн дүгнэлт
  • Он цагийн дараалал
  • Ньюс

2018.06.28 МАН-ын нуруун дээрх том ачаа нь 60 тэрбумтнууд

June 28, 2018 at 9:00 am, 2 comments

Албан тушаалын наймаанаас 60 тэрбумыг босгохоор төлөвлөсөн гэх МАН-ын зарим удирдлагын ярианы бичлэгийг ил болгосон Г.Доржзодовтой ярилцлаа.

-60 тэрбумын асуудлыг харж байхад хуулийн байгууллагууд аль эрт шийдвэрлэсэн гэх юм?

-Ажиглаад байхад, энэ асуудалд хуулийн байгууллагууд, прокурор, АТГ, ЦЕГ, ТЕГ, ШШҮХ цэг тавих гэж их зүдэрч байх шиг. Тэд эхлээд эвлүүлэг гэж зөрүүдэлсэн. Нотлох баримт эх хувиараа байна гэсэн хуулийн заалттай өнөөдөр амь тэмцэн зууралдаж байна. НПГ-ын Ерөнхий прокурор Баярмагнай, түүний орлогч Ариунаа нар өгсөн ярилцлагадаа манай шүүх шинжилгээний байгууллагад өндөр нарийвчлалтай дуу авианы шинжилгээ хийх техник, тоног төхөөрөмжгүй, мэргэжилтэн байхгүй гэсэн байдаг. Тэгэхээр хуулийн заалт ч саад болж байна, техник хэрэгсэл ч алга, мэргэжлийн шинжээч ч алга гэж ойлгогдохоор байна. Эцэс сүүлдээ 2014 оны 9 сарын 8-нд Шинэ Монгол хаад ХХК-ийн байранд уулзалт болсон нь тогтоогдсон гэдгийг прокурор арга буюу хүлээн зөвшөөрчихсөн. АТГ уг хэргийг нотлох баримт дээрх ярианы агуулгаар бус харин эх хувиараа олдоогүй учир прокурор хэргийг хаасан гэж хэллээ. Би ЦЕГ, АТГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэгт нотлох баримтыг эх хувиар нь төхөөрөмж гээд байгаа iPhone 5, iPad Mini 2-той хамт хөндлөнгийн гэрчийг байлцуулан хүлээлгэж өгсөөр байтал ийм ичгэвтэр тайлбар хийж байгаа нь хол явахгүй арга л даа. Эндээс харахад хуулийн байгууллагууд энэ хэргийг хаах гэж их чармайж байгаа нь илт. Гэхдээ энэ хэрэг эцэслэгдээгүй, эцэслэгдтэлээ ч удах байх. Өнгөрсөн оны 4-р сард намайг өөр гэмт хэрэгт гүтгэн баривчилж, сэжигтнээр татаж, сүүлдээ арга нь мухардаад 8-р сард гэрчээр дуудаж маш их шалгалаа. Шалгах шалгахдаа гэрчийг л илүү их шалгах шиг боллоо. Одоо нотлох баримтын чанар гэгчээр хэргийг хаахаар муйхарлан оролдож байна гэж харж байгаа. Хэрэг эцэслэн шийдэгдтэлээ их удах байх. Энэ хооронд нотлох баримт нь хэзээ ч хөдлөшгүй байсаар л байна.


-Анхны дүгнэлтүүд яагаад олон янз гарсан байдаг юм бол...?

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан гурван дүгнэлтийг хоёр ангилж болно. Нэгдүгээрт, УИХ-ын 2016 оны сонгуулиас өмнөх 4113, 4225 дугаартай хоёр дүгнэлт. Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулиас хойшхи 4374 дугаартай нэг дүгнэлт гэж. Сонгуулиас өмнө Ц.Сандуйгийн дуу хоолойтой тохирч байна, бичлэг эвлүүлэг биш байна гэж эхний хоёр дүгнэлт гарсан. Сонгуулийн дараа 2016 оны 7 сарын 18-нд бичлэг бол эвлүүлэг гэсэн дүгнэлт гаргасан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Ц.Гантулга өөрийнхөө өрөөнд сууж байгаад эдгээр гурван удаагийн шинжилгээний дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн гэдэг мэдээлэл өнгөрөгч 4-р сард хэвлэлээр цацагдчихлаа шүү дээ. Шударга хүмүүс захаасаа илчилж эхэлж байгаа нь сайн хэрэг. Иргэд бодит мэдээллүүдийг уншаад, сонсоод ирэхээрээ хуулийн байгууллагуудыг 60 тэрбумын гар хөл гэж дүгнэх нь зүйн хэрэг.

-Нодлин Таныг эвлүүлэг хийсэн гэж мөн ч их дайрлаа. Энэ талаар өнөөдөр Та юу гэх вэ?

-УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр болон түүнээс хойш бичлэг бол эвлүүлэг, олон янзын хурлын бичлэгээс үг үсэг бүрийг түүж, бүр залгаж, эвлүүлсэн байна гэсэн мэдээллийг их олон сувгаар цацсан. За яах вэ, би 162 минут болон 40 минутыг мундаг авъяасаар эвлүүлжээ гэж бодоё л доо. Тэгвэл нөгөө гурван хүнийг би гүтгэж, нэр төрд нь халдаж, гутаасан хэргээр тэд намайг цагдаа, тагнуулд өгч шалгуулах ёстой биз дээ. Бичлэг бол эвлүүлэг биш гэж хэлсэн Ц.Нямдорж, Д.Амарбаясгалан нарыг ч мөн ялгаагүй шалгах хэрэгтэй болно. Гэтэл тэд яаж тэгэж чадах юм. Чадахгүй шүү дээ. Би өнгөрсөн бүх хугацаанд 60 тэрбумд холбогдсон улстөрчдийн ёсзүйн асуудлыг зөвхөн бодит нотлох баримттайгаар илчилсэн. Энэ талаар би зөвхөн үнэнийг л ярьсан. Миний ярьсан хэлсэн бүхэн телевизийн эфирт, интернетэд, сонины нүүрэн дээр архивлагдан үлдсэн. Миний ярьсан зүйл огт өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөх ч үгүй шүү дээ. Үнэн гэдэг ийм л хүчтэй. Нотлох баримтууд хөдлөшгүй. Би нотлох баримтуудыг эх хувиар нь олон тоогоор хувилж гарын үсгээ он сартай нь тавиад хувь хүн, байгууллагад хаа сайгүй тараачихсан. Мөн www.dorjzodov.org гээд сайт дээрээ бүх нотлох баримтыг байршуулчихсан байгаа. Өнөөдөр эрх мэдлээрээ дарж хаалаа гэхэд энэ асуудал надтай надгүйгээр үеийн үед хөвж гарч ирсээр л байна. Одоо ахин намайг яаж ч дарамталж, айлган сүрдүүлж, худалдаж авах гэж оролдсон ч би нотлох баримтад нөлөөлж чадахгүй болсон. Энэ бол миний хамгаалалт. Өнөөдөр хуулийн заалт, цоорхойг үхэн хатан хайж нотлох баримтыг хүчгүйдүүлэн энэ хэргийг хааж болох байх л даа. Энэ ёсзүйн ноцтой асуудлыг бид биш юм гэхэд хойч үе шүүнэ шүү дээ.

-162 болон 2 минутын бичлэгийг тайлбарлаж өгөөч?

-162 минут бол яг тэр 2014 оны 9 сарын 8-ны өдрийн уулзалтыг бүхэлд багтаасан эх бичлэгийн хугацаа. Харин 2 минут гэдэг нь 162 минутаас хэсэгчилж авсан гурван тасархайг МАХН Э.Эрдэнэжамъяан soundcloud.com сайтаас татаж аваад, хооронд нь залгаад, дүрстэй болгоод телевизээр цацсан шторкны ургэлжлэх хугацаа нь юм. Дууны кассетны гурван тасархай лентийг скочоор залгаж наадагтай л төстэй юм хийсэн юм шиг байна лээ. Энийг л эвлүүлэг гэж үгээр халхавчлаад байгаа юм. Тэрнээс биш m4a тоон форматтай тасралтгүй 162 мин үргэлжилсэн яриаг ШШҮХ шинжилсэн юм бол дүгнэлтийг ил гаргах хэрэгтэй шүү дээ. Эхээрээ тэдэнд очсон байгаа.

-Тэгвэл 40 минутын бичлэг нь юу вэ?

-Ц.Сандуй, А.Ганбаатар нар 60 тэрбумын санхүүжилтийг яаж анх тооцоолон бодож байгаа уулзалтын бичлэг юм. Би тэр харанхуй шөнө 40 минут үргэлжилсэн уулзалт дээр байсан юм. Энэ бичлэг гарч ирээгүй байхад 60 тэрбумынхан уг схемийг боловсруулсан автор нь Доржзодов, үүнийгээ улстөрийн намуудад зарах гээд танилцуулаад яваад байсан гэж их хүчтэй гүтгэлээ шүү дээ. Бүр сүүлдээ АН-ын санхүүжилтын схем ч гэж олон нийтэд худал мэдээлэл цацсан. Эрүүл хүний ухаанд оромгүй гажиг логик. 60 тэрбумынхан гарцаагүй байдалд орсон ч өрсөлдөгч намын нэр хүндийг хутгахтай манатайгаа байсан шүү. Үүнийг нь тэр 40 минутын бичлэгээр тас цохисон юм. Хуулийн байгууллагуудад эх хувиар нь мөн л m4a форматаар өгчихсөн. Миний цуглуулж өгсөн нотлох баримтуудад бүхэлд нь дүн шинжилгээ анализ хийхгүй байгаа нь тэд дөнгөлүүлчихээд байгааг л харуулж байна. Өөрөөр тайлбарлах ямар ч арга байхгүй. Уг нь мөрдөгчдийг энэ зэргийн учиг тайлах Шерлок Холмсууд гэж боддог шүү.

-Эх хувь гэдэг дээр өнөөдөр маргаан яваад байх юм. Энэ талаар тайлбарлаж өгөөч?

-60 тэрбумын уулзалтын бичлэгүүд кассетны соронзон хальс биш. Харин тоон системээр m4a форматаар хийгдсэн. Тоон систем гэдэг бол одоогоор технологийн хамгийн өндөр түвшин. Хэдэн зуун наян мянга хувилсан ч анхдагч эхээсээ ялгагдах аргагүй ихэр байдаг. Соронзон хальс байсан бол хувилах тоолонгоор чанар нь устдаг. Аналог ба тоон системийн ялгаа энэ. Энгийнээр тайлбарлавал, аналог нь угаалгачихсан фото зураг. Хувилах бүрт бүүдийнэ. Харин тоон систем нь компьютерт хадгалчихсан фото зураг. Мэилдэж, хуулж, угаалгаж, флаш дээр зөөвөрлөсөн ч нэг л чанараараа.

-АТГ өнгөрсөн Даваа гаригт мэдээлэл хийхдээ тоног төхөөрөмж нь олдоогүй, устсан гэх шиг боллоо. Яагаад тэр вэ?

-АТГ мэдээлэл хийхдээ худлаа ярьсан. Тоног төхөөрөмж гээд байгаа юм нь ердөө л миний хэрэглэж байсан iPad mini 2 таблет болон iPhone 5 смарт утас. Сонгуулийн өмнө Тагнуулын ерөнхий газар 2017 оны 4 сараас 6 сар хүртэл бүтэн 2 сар эдгээрийг ухаж, төнхөж, шинжилж шалгасан. Дараа нь ЦЕГ, ТЕГ, АТГ гээд хамтарсан ажлын хэсэг гарч эдгээрийг надаас хурааж аваад мөн л сар шахуу ухаж, шинжилж шалгасан. Харин смарт утсыг нь эвдчихээд буцааж өгсөн. Одоо бодоод байх нь ээ. Тэд зориуд эвдсэн юм байна. Тухайн үедээ надад хүлээлгэж өгсөн Акт дээрээ гарын үсэг зуралгүй зугтацгаасан шүү дээ. Хөндлөнгийн гэрч бий.

-Та аль нэг намын гишүүн үү?

-Би амьдралдаа хэзээ ч улстөрийн намд элсч байгаагүй. Нодлин би намуудаас энэ талаар лавлагаа авсан л даа. МАН л намайг гишүүн нь мөн, эсвэл биш гэдгийг тодорхойлж өгөхөөс зайлсхийсээр байдаг юм.

-Таныг нэг хэсэг гадаадад гарчихсан гэж шуугисан энэ талаар...?

-Инээв. Хэрвээ би гадагшаа явчихвал энэ асуудал яаж шийдэгдэх бол? Харин ч намайг гүтгэсэн мэдээллүүд нь газар авч, аягүй бол би ёстой “жинхэнэ” эвлүүлэгч гэгдэж, 60 тэрбумынхан надад хэргээ тохчих байлгүй. Би ч эх орондоо ирэхэд төвөгтэй болно биз дээ. Тэгснээс Монголдоо байж байгаад элдэв худал мэдээллүүдийг тухай бүрт нь баримт нотолгоотой няцаах ёстой юм биш үү.

-Таны бодлоор одоо цаашид энэ асуудал хэрхэх бол...?

-Эхний мөчөөс л дуугарсан бүхэн өөрсдийгөө илчлээд л, бие биенээ бухаад л, зэс нь цухуйгаад л, үгэндээ ороогдоод л байна. Ц.Сандуй манай намын стратеги, тактик ярьсан уулзалтын бичлэг алдагдсан байна гэж анх үнэнгээ хүлээчихсэн. Дараа нь Ц.Сандуй Удирдах зөвлөлийн хурал дээрээ уулзалт болсон, нам мөнгөгүй байсан болхоор би тэгээд өөрөөр яах байсан юм гээд ам алдчихсан. А.Ганбаатар 60 тэрбумын уулзалт болсон нь үнэн, гэхдээ Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар байсан гэх утга агуулгатай, бүтэл муутай хэвлэлийн хурал хийсэн. Ц.Нямдорж, Д.Амарбаясгалан нар эвлүүлэг гэж бодож явсан чинь худлаа байна лээ, А.Ганбаатар намайг гүтгэсэн учир шүүхэд хандсан гээд хэлчихсэн. Гэрчийн эсрэг өчнөөн гутаасан мэдээлэлтэй нэвтрүүлэг орон даяар зөндөө цацлаа. Тэдний амнаас ямар ч баримт нотолгоогүй, логикгүй, хоосон хий л гарч байна. Яг л солиорчихсон хүмүүс шиг. Тэдний эл үйлдлүүд нотлох баримт хэмээх чулуун хана мөргөөд л бутарч байна. Прокурорын байгууллага хэрэгт цугласан нотлох баримтаар уулзалт болсон нь тогтоогдсон гээд хоёр ч удаа хэлчихлээ. Хуулийнханы арга нь ч мухардаж байна. Нэг их удахгүй үнэнд гүйцэгдэж мухарлагдана гэж харж байна. Нийгэм шүүн тунгаах чадвартай болж байна. Сонгогчид илүү мэдээлэлжсэн, үнэн худлыг дэнслэх чадвартай болсон.

Магадгүй, 60 тэрбумын асуудал МАН-ын олон арван мянган жирийн гишүүдийн нуруун дээрх том бул хар чулуу болчихлоо гэж харж байгаа. Энэ нэршлийг, түүнд холбогдсон улстөрчдийн нэрийг сонсох бүртээ яс нь хавталздаг болж байгаа байх. Цаашид энэ ачаагаа үүрээд яваад л байх юм бол сонгуулиудад дүнгээ тавиулах биз. Иргэд бүгдийг харж, ажиглаж, шүүн тунгааж, эргэцүүлж л байгаа. Цаг хугацаа алсрах тусам илүү тунгалаг харагддаг шүү дээ.

-Вашингтон Пост сонины өчигдрийн дугаарт 60 тэрбумын асуудлаар нийтлэл гарсан байсан. Тантай сэтгүүлч нь уулзсан юм уу?

-Өнгөрсөн 5-р сарын сүүлээр Вашингтон Пост сонины Бээжингийн салбарын эрхлэгч Симон Дениэр /Simon Denyer/ 60 тэрбумын асуудлаар надтай уулзаж ярилцлага авсан. Түүнд энэ асуудалтай холбоотой өнөөдрийг хүртэл цугласан бүх нотлох баримтуудыг эх хувиар нь өгч маш дэлгэрэнгүй ярилцлага хийсэн. Өөрөөр хэлбэл, Вашингтон Пост сонин эл асуудлын талаар тусгайлан судалж байгаа гэсэн үг юм байна лээ. Америкийн Холбооны мөрдөх товчооны дуу авианы шинжээч Фрэнк Пиазза /Franck Piazza/-ийн төрийн албан тушаалыг зарах тухай 162 минутын аудио бичлэгт хийсэн шинжилгээний дүгнэлтийг үл тоомсорлож байгаа нь хачирхалтай санагдсан байх л даа. Ингээд энэ асуудал 2 сая хувь хэвлэгддэг өдөр тутмын Вашингтон Пост сонинд нийтлэгдэж олон улсын хэмжээнд цацагдаж эхэллээ гэсэн үг. Интернетэд ч цахим хувилбар нь байна лээ. Уг сонины 140 жилийн нэр хүндийн талаар энд дурдах нь илүүц байх.

Прокурорын үзэж байгаагаар манайх үнэхээр техник хэрэгсэлгүй, мэргэжилтэнгүй байгаа бол манай Хуульзүйн яам Англи, АНУ, Герман, Швейцарь, Франц, Италийн шүүх шинжилгээний хэд хэдэн байгууллагад нэгэн зэрэг хандаж нотлох баримтууд шинжлүүлэх хүсэлтээ гаргаж болно шүү дээ. Тэрнээс нааш энэ асуудлыг улстөрийн нөлөөгөөр, эрх мэдлээрээ дарсаар л байна байх.

-Нээлттэй хэлэлцүүлэг зохиох санал дэмжигдвэл Та очих уу?

-Намайг дуудвал хуулиараа би очих л үүрэгтэй.

Жич: Ярилцлагад дурдагдсан бүх нотлох баримтуудаа Г.Доржзодов өөрийн www.dorjzodov.org сайтад байршуулсан байдаг юм байна.

Д.Мөнгөндалай

Source: Өдрийн сонин, 2018.06.28, Пүрэв гариг, #131(5974), 7-р хуудас



2 comments - 2018.06.28 МАН-ын нуруун дээрх том ачаа нь 60 тэрбумтнууд

irgen - July 1, 2018 at 12:37 pm
Та өөрөө тэр уулзалтанд яг ямар үүрэгтэйгээр оролцсон юм бэ, яаж бичлэг хийх боломжийг өөртөө үүсгэсэн бэ
Эзэн - July 3, 2018 at 1:19 am
Бичлэг яаж хийсэн нь чухал биш. Ий чухал юмыг амь насаараа дэнчин тавьж байж ард түмэндээ сонсгосон нь агуу хэрэг баатарлаг явдал.

Leave a reply







#60тэрбум

ХЭН, ХЭЗЭЭ, ЮУ ХЭЛЭВ?

2022.02.11 Д.Амарбаясгалан: "...аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Ингээд шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасна. Намын гишүүнчлэлээс хасагдчихаад буцаад элсэх асуудал байхгүй. Насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдана гэсэн үг..."

2019.02.21 "...А.Ганбаатарыг МАН-аас гарсанд тооцсугай..." (Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 4 тоот тогтоол ҮЗЭХ)

2019.02.18 "...МАН-ын Дүрэм"-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дахь заалтуудыг тус тус зөрчсөн Монгол Ардын Намын гишүүн Ц.Сандуйг Монгол Ардын Намын гишүүнээс гарсанд тооцсугай..." (МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 23 тоот тогтоол ҮЗЭХ)

2019.01.21 Г.Доржзодов (@ГэрФорум): "...2016 онд анх 60 тэрбум бичлэг задлахад Улсын ерөнхий прокурор Энх-Амгалан байсан. Өнөөдөр ч байсаар байна. Энх-Амгалан яагаад М.Энхболдын бүрэн эрхийг одоо болтол түдгэлзүүлж шалгах саналаа УИХ-д оруулж ирэхгүй байгаа юм бэ? 2016 онд АТГ хуурамч нотлох баримт ШШҮХ-д шилжүүлж шалгуулаад хэргийг хаалгасан. Тэр үедээ АТГ мөрдөгч Бат-Олзвой нэг ч үг өгүүлбэр тайлбар М.Энхболдоос аваагүй хэргийг хаасан. Шалгуулах ёстой хүмүүс нь цэвэрлэгдээд, би харин гэмт хэрэгтэн болоод хэрэг хаагдсан. ТЕГ гүйцэтгэх ажлын шугамаар мэдээлэл авагдаж хэргийг сэргээн шалгах болсон гэж Энх-Амгалан хэлсээр байтал АТГ яагаад ТЕГ-аас 60 тэрбум хэргийг татаж аваад өнөөдрийг хүртэл ямарч ахицгүй дараад бгаан бэ?! Уг нь энэ хэрэг ҮХ-ийн 3.2 Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдах гэсэн зүйлчлэлтэй гэмт хэрэг. УПЕГ болон харъяалалын дагуу энэ төрлийн хэргийг хариуцдаг ТЕГ 2016 онд яагаад юу ч хийгээгүй юм бэ?! Ер нь 60 тэрбум гэх хэрэг авлигын гэхээсээ илүү ҮХ 3.2 хэрэг. Гэтэл яагаад АТГ рүү байн байн шилжүүлж дардаг юм бэ?! Дахин дахин сэргээх бүртээ уг хэргийг хэрэгсэхгүй болгож хааж байсан Ажлын хэсэг л дахин дахин шалгахаар томилогдоод байх юм..."

2019.01.22 Г.Доржзодов: #60тэрбум хэргийг хэрэгсэхгүй болгох, хаахад оролцсон ”хонгил” гэж бодож байгаа хүмүүс:

АТГ мөрдөгч Бат-Олзвой (2016)
НПГ прокурор Ширэндэв СБД прокурор Мажигсүрэн (2016) СБД Цагдаагийн 1-р Хэлтэс Батсайхан ТЕГ МШХ Орлогч Ууганбаяр ТЕГ мөрдөгч Цэнджаргал ТЕГ мөрдөгч Сэргэнмандах
ЦЕГ Тэргүүн дэд Батбаатар

Эднүүсээс одоо ч гэсэн #60тэрбум хэргийг шалгах Ажлын хэсэгт зарим нь ажилласаар байгаа. Тэдэнд эрх мэдлээрээ нөлөө үзүүлсэн улстөрчид, удирдах албан тушаалтнууд, тусалж хамтарч ажилласан байгууллага хувь хүмүүс бас бий.

2019.01.17 Б.Пүрэвдорж (УИХГ): 60 тэрбумын схемийн үр дагавраар хууль бусаар халагдсан хүмүүсийн зардал төсөвт том ачаа болж байна.

2019.01.11 М.Энх-Амгалан (Ерөнхий прокурор): 60 тэрбумын гээд яриад байгаа хэрэг маань бол арай өөр тусдаа хэрэг. Тэгээд одоо тэрийг эвлүүлэг гэж хаасан гээд л янз янзын юм ярьдаг. Прокурорын байгууллага энийг эвлүүлэг гэж хаагаагүй ээ. Энэ буруу ойлголт яваад... Тэгээд "...энэ эвлүүлэг байна аа гэж яриад ингээд хаагаад хайцаалаад байгаамаа. Энэ асуудал болоогүй гэж үзэж байгаа юмаа..." гэж яригдаад байгаа. Үгүй ээ. Прокурорын байгууллага үйл явдал, энэ яриа хөөрөө бүгдээрээ болсон юмаа гэдгийг болвол тэр өөрийнхөө гаргасан шийдвэр, тогтоолдоо зааж өгсөн... Тэгээд дараа нь Тагнуулын ерөнхий газраас "...манай дээр тодорхой хэмжээний мэдээлэл байна. Энийгээ бид нар шалгамаар байна." гэдэг хүсэлт тавиад, энэ асуудал сэргээгдээд одоо шалгагдаж байгаа.

2018.12.26 Д.Гэрэл (ТЕГ дарга): 60 тэрбумын асуудал шалгагдаж байгаа...

2018.12.25 Ж.Батзандан: "60 тэрбум"-ын хэрэг баримттай, нотолгоотой хэрэг

2018.10.25 Л.Болд: “60 тэрбум”-ын хэргийг илчилсэн Г.Доржзодов бол Монголын номер нэг “Шүгэл үлээгч”. Дэлхийн жишээ болчихлоо шүү дээ. Ийм аймшигтай тогтолцооны эсрэг ганц хүн зогсож байна. Тэр хүнийг бид яаж хамгаалж байна. Тагнуул, цагдаа, шүүх зэрэг бүх хуулийн байгууллага яаж дарамтлав.

2018.10.24 Г.Доржзодов: АТГ нотлох баримтыг сольж эвлүүлэг гэдэг дүгнэлтийг 2016 онд гаргуулсан... Энэ бол авлига албан тушаалын хэрэг биш. Энэ бол Үндсэн Хуулийн 3.2 заалтыг зөрчсөн үйлдэл байсан...

2018.10.21 Н.Алтанхуяг: Ямар эрүүл ухаантай, ёсзүйтэй намын дарга хэдэн хүний албан тушаал зарж арилжаалах тухай яриаг сонсож, дэмжээд сууж байх вэ. Ингэж яриад суух нь гэмт хэрэг гэдгийг мэдэж буй ч хууль хяналтын байгууллагын хонгилд өөрсдийнх нь хүмүүс байгаад аархсан хэрэг биш үү.  Ийм нам төрийн эрхэнд гарч, төр ялзарлаа.

2018.10.17 Л.Болд: УИХ-ын 26 гишүүн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн боловч шалтаг заан ээлжит бус чуулган зарлалгүй төрийн үйл ажиллагааг тасалдуулсан нь #ҮндсэнХууль зөрчсөн хэмээн үзэж иргэний хувиар #ҮндсэнХууль-д хандлаа (Твитр хуудаснаас)

2018.10.05 Л.Оюун-Эрдэнэ: ...Төрийн байгууллагууд эвлүүлэг гэж мэлздэг юм байна. АТГ нь эвлүүлэг гэж мэлздэг юм байна. Нийтийн сонсгол хийх гэхлээр Прокурор нь тухайлсан хүнд нь Нийтийн сонсгол хийж болохгүй гэж мэлздэг юм байна. Одоо нэг байгууллагыг харах үлдсэн. Энэ бол Үндсэн хуулийн цэц... Энэ байгууллага дээр хүссэн ч, эс хүссэн ч энэ асуудал очих байх... (Төрийн ордонд сэтгүүлчдэд өгсөн мэдээллээс)

2018.10.04 Д.Эрдэнэбат: ...Төрийн албыг үнэгүйдүүлж, улс төртэй хутгаж, 60 тэрбумаар арилжаалснаас үүдэн төрийн албаны мерит зарчим алдагдаж, үүний хор уршгаар мэргэшсэн, чадварлаг, ёсзүйтэй хүний нөөцөөр хангагдах ёстой төр үнэгүйдэн, бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нийгмийг цочирдуулж, бухимдуулсан асуудлууд шил даран гарсаар байна... (УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтээс)

2018.10.01 Х.Баттулга: ...асуудлууд хуримтлагдсаар, нийгэм бухимдсаар байх тийм нөхцөл бат тогтжээ... Ганцхан жишээ дурдахад, хоёр жилийн өмнөөс илчлэгдэж, яригдаж эхэлсэн 60 тэрбумын гэх тодотголтой хэргийг эцэслэх талаар УИХ-ын Чуулганыг завсарлуулахгүйгээр хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналыг би гаргаж байсан. Дараа нь Ээлжит бус чуулганаар хэлэлцэх нөхцөл байдал үүсэнийг сануулж, Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналыг би бас хүргүүлсэн. УИХ-ын гишүүдийн 1/3-ээс дээших нь бас шаардсан. Ерөнхийлөгчийн санал гаргасан зэрэг Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах Хуульд заасан хоёр үндэслэл нэгэн зэрэг бий болсон тохиолдолд УИХ-ын Дарга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх ёстой юмаа. Гэтэл үүргээ биелүүлсэнгүй... (УИХ-ын 2018 оны Намрын чуулганы Нээлтэд хэлсэн үгнээс)

2018.10.01 Д.Сумъяабазар: ...МАН урагшаа явахад түвэгтэй байдал үүслээ гэж харж байгаа. Өнгөрсөн сонгуулиар яригдсан 60 тэрбумтай холбоотой, газартай холбоотой авлигын асуудал гээд олон түмэн бүгдээрээ л харж, шүүж, мэдэж байгаа... (Ярилцлагын хэсгээс)

2018.09.19 Ц.Нямдорж: ...Тэр ярьсан хүмүүс нь ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой. Энийг бол эвлүүлэг гэж болохгүй... Ямар ч байсан Сандуй нь /ажлаа/ өгчихсөн шүү дээ. Би тэр үг хэлсэний дараа /2017.08.17-нд ТВ25 телевизэд өгсөн ярилцлагаа хэлж буй/. Хүлээсэн байгаа биз?... Эрүүл хүний санаанд оромгүй юм ярьцгаасан. Нэр усыг нь жигштэл, зэвүүцэл төрүүлмээр. Ийм юм хэлчихсэн л юм бол уучлаарай гэж хэлэх ухаан төрөх л ёстой шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)

2018.09.19 Ш.Раднаасэд: ...Ээлжит Бус Чуулганыг зарлах эсэхийг шийддэг газар Хуульзүйн Байнгын хороо биш байхгүй юу. Энэ чинь УИХ-ын Даргын бүрэн эрхийн асуудал... (утсаар өгсөн ярилцлагаас)

2018.09.17 Л.Болд: ...Хуулийн байгууллага өнгөрсөн хугацаанд 60 тэрбумын асуудлыг зориуд царцааж, булзайруулсан байдлаар ажиллаж ирлээ... УИХ-ын 26 гишүүн 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай гэж үзэн, гарын үсгээ зурсан. Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулганыг 60 тэрбумын асуудлаар зарлан хуралдуулахыг шаардсан албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн. Энэ хоёр хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээж авсангүй. Ингэснээр Үндсэн хуулийн хоёр зөрчил яг бодитойгоор үүсчихлээ... (medee.mn сайтад өгсөн ярилцлагаас)

2018.09.10 Н.Алтанхуяг: ...Миэегомбын Энхболд гэдэг хүнтэй холбоотой асуудал энэ хүнийг УИХ-ын Дарга байхад шийдэгдэхгүй байх аа. Яагаад гэвэл, АТГ-ын Энхжаргал даргыг энэ хүн тавьсан. АТГ-ын Дарга яалаа гэж тавьсан хүнийхээ ийм юманд оролцсон гэдгийг тогтоох вэ дээ! Тогтоох сонирхол ч байхгүй... (Төр самардаг нууц технологи. 60 тэрбумын талаар нэвтрүүлэгийн хэсгээс)

2018.08.06 Д.Амарбаясгалан: ...Ганц #60тэрбумын хэрэг гэлгүй ёсзүйгүй нөхдөд бүгдэд нь хариуцлага тооцно... (Тусгаар тогтнолын ордонд хийсэн Хэвлэлийн хурлаас)

2018.08.06 Ц.Даваасүрэн: ...Ер нь бол 60 тэрбумын асуудлыг ярих ёстой. Нэг тийш болгох ёстой. Тэгж байж дараагийн сонгуульд орох ёстой... (МАН-ын Бага хурлын үеэр өгсөн ярилцлагаас)

2018.08.03 М.Энхболд: ...Ээлжит бус чуулган зарлах асуудлыг Хуульзүйн Байнгын хороо авч үзэж байж ярих ёстой гэдэг шийдвэрийг УИХ-ын Даргын зөвлөл хоёр удаагийн хурлаараа ярьсан... (Телевизэд өгсөн мэдээлэл)

2018.08.03 МАН-ын Хяналтын Ерөнхий хороо: ...МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёсзүйн алдаа гаргасан МАН-ын гишүүн М.Энхболдын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцлага тооцож ажиллахыг... МАН гишүүн Ц.Сандуй МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж ёсзүйн алдаа гаргасан байх тул 4.4, 4.5 дахь заалтад заасан хариуцлагыг тооцож ажиллахыг... МАН гишүүн А.Ганбаатар МАН Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.9 дэх заалтыг зөрчиж алдаа гаргасан байх тул 4-р зүйлийн 4.4, 4.5, 6-р зүйлийн 6.6 дахь хариуцлагыг тооцохоор... (МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 13 тоот Хариуцлага тооцож ажиллах тухай тогтоол ҮЗЭХ)

2018.08.02 М.Энхболд: "...намынхаа нэр хүндийг уг асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна..." (МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр М.Энхболдын бичгээр гаргасан Хүсэлтийн хэсгээс. Хүсэлтийг бүрэн эхээр ҮЗЭХ)

2018.07.31 Л.Оюун-Эрдэнэ: ...Эвлүүлэг гэж дүгнэлт гаргахын тулд шаардлагатай бүх хууль тогтоомжийг ашигласан байгаа юм. Энэ дүгнэлт дээр "...дууг дүрсжүүлсэн учраас эвлүүлэг..." гэжээ. Монголд Миеэгомбын Энхболд гэдэг улстөрч мэлзэж болох байх л даа... Хамгийн хортой нь, төр нь дагаж мэлзэж байгаа юм. АТГ нь томилсон хүнээ дагаад мэлзэж байгаа байхгүй юу. Дууг аваад дүрсжүүлсэн учраас энэ бол эвлүүлэг юмаа гэдэг дүгнэлтийг АТГ гаргаад сууж байгаа байхгүй юу... (Мэлзээ төр нэвтрүүлгээс)

2018.07.10 Л.Оюун-Эрдэнэ: ...АТГ болон бусад байгууллагын хувьд томилсон хүнээ хамгаалж байгаа зүйл бол тодорхой болж байгаа... УИХ-ын 25 гишүүн гарын үсэг зурж УИХ-ын Ээлжит бус чуулганыг зарлахаар шийдэж өнөөдөр УИХ-ын Даргад өгөх гэж байна... (Төрийн ордонд хийсэн мэдээллээс)

2018.06.29 Л.Оюун-Эрдэнэ: ..."60 тэрбум"-ын асуудлаар би тултал нь явж мухарлана (ярилцлага)

2018.06.28 У.Хүрэлсүх: ...Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз... (УИХ дахь МАН-ын Бүлгийн хурал дээр хэлсэн үгнээс)

2018.06.28 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд яагаад Нээлттэй сонсголоос эмээгээд, гишүүдийг зуруулахгүй байх тэр зүйлд нь халдаад байгааг би ойлгохгүй байгаа... (УИХ-ын Хаврын чуулган завсарлахаас өмнө Нээлттэй сонсгол явуулах тухай бичигт 19 УИХ-ын гишүүний гарын үсэг цуглуулж дуусах үеэр өгсөн мэдээлэл)

2018.06.27 Л.Оюун-Эрдэнэ: ...манай тусгай алба энхрий хайрт томилсон даргынхаа эвлүүлэг гэсэн мэдэгдлийг нотлохын тулд дууг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэж дэлхийд хосгүй дүгнэлт гаргажээ... (Л.Оюун-Эрдэнийн бичсэн "Хууль засаглах уу? Хувь хүн засаглах уу?" нийтлэлээс)

2018.06.27 О.Баасанхүү: ...Нам гэдэг нэрээр, миний сонгуульд ажилласан юмаа. Энэний төлбөрийг төлье гэж байгаа болвол энэ чинь 60 тэрбум л гэсэн үг шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)

2018.06.20 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд та ёсзүйн хариуцлага хүлээж огцрох ёстой... #60тэрбумтай холбоотой асуудлыг цаасан дээрх байдлаар бус бичлэг дээрх нэр бүхий гурван хүн буюу УИХ-ын дарга М.Энхболд, гэрч Доржзодов, бусад гэрчүүд, хууль хяналтын байгууллага, эхлээд бичлэг эх хувиараа байна гэж нотолсон шинжээчид, хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийхийг УИХ-ын гишүүдэд уриалж байна... (Төрийн ордонд хийсэн Хэвлэлийн бага хурлаас)

2018.06.15 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга #60тэрбумын асуудлаа шүүхээр шийдүүлэхээс нааш би Чуулганд суухгүй... (АТГ үүдэнд өгсөн мэдээллээс)

2018.02.15 М.Энхболд: ...60 тэрбумын асуудалтай холбоотой 2016 оны 6 сард ч би байр сууриа илэрхийлж байсан. Сая сонгуулийн үеэр ч "Энэ бол эвлүүлэг ээ" гэдгийг ч хэлж байсан... Тэр ярианд би бол оролцоогүй. Тэр ярилцлаганд бол би байгаагүй. Энэ бол эвлүүлэг байна аа гэдгийг тухайн үед нь хэлж байсан. Жишээлэхийн бол, "Намын байрны гадна цүнхтэй хандив авчирч өгсөн хүний хандив, хандивын бүртгэл байхгүй болчихсон байна лээ" гэдэг болвол Тусгаар тогтнолын ордонд Намын санхүүжилтийн ажлын хэсгийн хурал дээр миний ярьж байсан яриа л байж байх жишээтэй... (ТВ25 телевизийн Ам нээвэл нэвтрүүлгээс)

2017.12 сар ТЕГ Цэнджаргал:. ...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Гомдол гаргана. Эд мөрийн баримтыг буцааж өгөхгүй... (2017 оны 4 сард mp3 хөгжмийг тагнуулын хэрэгсэлд тооцсон хуурамч дүгнэлт гаргуулсан нь ингээд илчлэгдсэн)

2017.11.02 НПГ Д.Баярмагнай: ...хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар 2014 онд "Шинэ Монгол хаад групп” ХХК-ын байранд Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь МАН-ын 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох, бодлого, стратеги, төлөвлөгөө, санхүүжилт хэрхэн босгох талаарх яриа хэлцэл хийсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн... Одоо энэ аудио бичлэгийг үнэн худал гэх асуудал хамаагүй. Би дээр хэлсэн шүү дээ. Прокурорын байгуулага энэ асуудлыг болоогүй, энэ бичлэг эвлүүлэг, худал зүйл гэж хэлээгүй, дүгнээгүй. Дахин хэлье. Энэ асуудал, яригдсан зүйл нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)

2017.09.22 С.Амарсайхан: ...Худлаа гэхэд дэндүү үнэн. Үнэн гэхэд дэндүү сэтгэл гонсоймоор бичлэг байсан... (НИТХ-ын Даргаас Ц.Сандуйг огцруулах үеэр хэлсэн үг)

2017.09.04 НПГ Ж.Ариунаа: ...Хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Сандуй, Ганбаатар нар МАН-ын ... стратеги, төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон... Легаль Аудио Видео компаниар гаргуулсан шинжээчийн дүгнэлтийг ... нотлох баримтаар үнэлэх боломжгүй... 162 болон 40 минутын бичлэг эх файл нь биш учраас шинжилгээний шаардлага хангаагүй гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)

2017.09.04 НПГ Ж.Ариунаа: Төрийн албыг үнэлж мөнгө босгох тухай яриа уулзалтанд У.Хүрэлсүх, Ц.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар болон А.Ганбаатарын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдоогүй. (А.Ганбаатар 2017.08.17-нд хийсэн Хэвлэлийн хурлаараа худал мэдээлэл тараасан нь ингээд тогтоогдсон)

2017.08.23 Ж.Энхбаяр: ...60 тэрбумтай холбоотой Монгол төрийг худалдсан ийм шившигт явдал болж байна. Хэрвээ монголчууд бид төрөө мөнгөөр худалддаг болж байгаа бол монголчуудын төрд итгэдэг тэр үнэт зүйл нуран унана. Монголын ард түмэн өөр хаашаа хандах юм бэ?! Итгэж байсан төр нь,  итгэж найдсан сонгуульд 65 суудал өгсөн МАН нь тэдний итгэлийг мөнгөөр үнэлж зарж байгаа байдал гэдэг бол туйлын ноцтой, Монгол Улсын язгуур эрх ашгаас урвасан, Монголын төрт ёсыг худалдсан, төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг гэж үзэж байгаа... (Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах т

©2017 Dorjzodov G.