Уг мэдээлэлд хавсаргасан албан бичгүүдийн товч агуулгыг 2018 оны 6 сарын 19-ний өдөр 13 цагаас эхлэн мэдээллийн сайтуудаар "60 тэрбумын" гэх хэрэг гэмт хэрэг биш болохыг тогтоосон баримтуудыг Л.Оюун-Эрдэнэ гишүүнд хүргүүлжээ гэсэн гарчигтайгаар нэгэн зэрэг цацав.
"60 тэрбумын" гэх хэрэг гэмт хэрэг биш болохыг тогтоосон баримтуудыг Л.Оюун-Эрдэнэ гишүүнд хүргүүлжээ
Авлигатай тэмцэх газрын үүдэнд хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдын улс төрийн бодлогын зөвлөх, Ажлын албаны ахлагч Б.Гүнбилэг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд мэдээлэл хүргүүлжээ.
Мэдээлэлд, “…Таны мэдэгдэлд дурдсан “60 тэрбумын” гэх асуудал нь 2016 оны сонгуулийн өмнө тодорхой зорилготойгоор урьдчилан бэлтгэсэн, 2017 оны сонгуульд ашиглагдсан гүтгэлгийн шинжтэй материал юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хуулийн байгууллагууд уг асуудлыг өргөн хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулан удаа дараа шалгаад, Нийслэлийн прокуророос гэмт хэрэг биш гэсэн дүгнэлтийг албан ёсоор гаргасан” хэмээн дурдаад, холбогдох байгууллагуудын албан бичгийг хавсаргасан байна. Хавсралт баримт бичгүүдэд Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын албан тоотууд багтсан байна.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ширэндэв, ахлах прокурор, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн нарын 2017 оны есдүгээр сарын 4-нд ирүүлсэн 25 дугаар тогтоолд гэрч М.Энхболд, Г.Доржзодов, Б.Пүрэвдулам нарын зэрэг хүмүүсийн мэдүүлэг, бусад холбогдох баримтуудаас дүгнэж үзэхэд “…төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна” гээд, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах нь зүйтэй гэж үзэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Цагдаагийн ерөнхий газраас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр ирүүлсэн 01/248 тоот “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичигт “Монгол Ардын Намын дарга, нэр бүхий гишүүд Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн өмнө төрийн эрх мэдлийг хууль бусаар авах тухай яриа тохироо хийж, 60 тэрбум төгрөг босгосон тухай” мэдээлэлд АТГ-ын Мөрдөн байцаах албанаас 2017 оны 7-р сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн 170200016 дугаартай хэрэг нээж, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болохыг дурдсан байна.
Авлигатай тэмцэх газраас Г.Занданшатар сайдад 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр мөн мэдээлэл хүргүүлжээ. Уг мэдээлэлд хамтарсан ажлын хэсгээс хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулаад, “Бичлэгтэй холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс зургаан удаагийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур өөр шинжээчдийн бүрэлдэхүүнтэй нэг удаагийн шинжээчийн дүгнэлт гаргасан. Олон нийтэд цахим сүлжээ ашиглан тараагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургийг оруулсан, мөн бичгийн хэлбэрээр текст оруулсан дуу, дүрсний бичлэгийн хувьд эвлүүлэг, монтаж хийгдсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Бичлэг хийсэн тоног төхөөрөмж, бичлэгийн эх хувийг шаардахад Г.Доржзодов бичлэг хийсэн тоног төхөөрөмжөөс бичлэгийг устгасан, бичлэг хийсэн тоног төхөөрөмж эвдэрсэн, бичлэгийн эх хувь байхгүй гэсэн тайлбар хийсэн. Бичлэг хийсэн гэх тоног төхөөрөмжийг түр хураан авч, шинжилгээний байгууллагад хүргүүлэхэд бичлэгийн эх хувь тухайн тоног төхөөрөмж дээр хадгалагдаагүй байсан болно.
Интернэт орчинд байгаа бичлэг, гомдол гаргагч нараас ирүүлсэн бичлэгүүдийн хувьд дуу авианы бичлэгт засвар хийж, фото зураг оруулж, хүн бүрийн яриаг текст хэлбэрээр бичлэгт оруулсан, дуу авианы бичлэгийг дуу, дүрсний бичлэг болгон засвар хийсэн, 162 минутын бичлэгийг 2 мин, 2 мин 40 сек, 40 мин, 90 мин хэмжээтэй болгон зассан, өөрчлөлт оруулсан болох нь тогтоогдсон” хэмээн дурджээ. Түүнчлэн 2016 оны долдугаар сараас хойших хугацаанд төрийн албанд шинээр болон дэвшин томилогдсон, ахлах мэргэжилтэн, түүнээс дээд шатны албан тушаалтны нэрсийг гарган, эдгээрээс 1500 төрийн албан хаагчдаас гэрчээр мэдүүлэг авсан болохыг тэмдэглэсэн байна.
Улмаар нэр бүхий хүмүүс төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болохыг тэмдэглэжээ. Л.Оюун-Эрдэнэ гишүүнд илгээсэн баримтуудын нэг болох Тагнуулын ерөнхий газрын албан тоотод “Л.Оюун-Эрдэнээс 2018 оны зургадугаар сарын 15-ны өдөр хийсэн мэдэгдэлд дурдсан асуудалд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.2 дугаар зүйлд заасан Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байна” гэжээ.
Эх сурвалж:
http://news.gogo.mn/r/227164
https://ikon.mn/n/1big
http://eagle.mn/r/46226
#60тэрбум ИШЛЭЛҮҮД
2019.01.22 Г.Доржзодов: #60тэрбум хэргийг хэрэгсэхгүй болгох, хаахад оролцсон ”хонгил” гэж бодож байгаа хүмүүс:
АТГ мөрдөгч Бат-Олзвой (2016) НПГ прокурор Ширэндэв СБД прокурор Мажигсүрэн (2016) СБД Цагдаагийн 1-р Хэлтэс Батсайхан ТЕГ МШХ Орлогч Ууганбаяр ТЕГ мөрдөгч Цэнджаргал ТЕГ мөрдөгч Сэргэнмандах ЦЕГ Тэргүүн дэд БатбаатарЭднүүсээс одоо ч гэсэн #60тэрбум хэргийг шалгах Ажлын хэсэгт зарим нь ажилласаар байгаа. Тэдэнд эрх мэдлээрээ нөлөө үзүүлсэн улстөрчид, удирдах албан тушаалтнууд, тусалж хамтарч ажилласан байгууллага хувь хүмүүс бас бий. Хэрэг илүү тодорхой болмогц нийтэд хүргэнэ.
2019.01.17 Б.Пүрэвдорж (УИХГ): 60 тэрбумын схемийн үр дагавраар хууль бусаар халагдсан хүмүүсийн зардал төсөвт том ачаа болж байна.
2018.12.26 Д.Гэрэл (ТЕГ дарга): 60 тэрбумын асуудал шалгагдаж байгаа...
2018.12.25 Ж.Батзандан: "60 тэрбум"-ын хэрэг баримттай, нотолгоотой хэрэг
2018.10.24 Г.Доржзодов: АТГ нотлох баримтыг сольж эвлүүлэг гэдэг дүгнэлтийг 2016 онд гаргуулсан... Энэ бол авлига албан тушаалын хэрэг биш. Энэ бол Үндсэн Хуулийн 3.2 заалтыг зөрчсөн үйлдэл байсан...
2018.10.21 Н.Алтанхуяг: Ямар эрүүл ухаантай, ёсзүйтэй намын дарга хэдэн хүний албан тушаал зарж арилжаалах тухай яриаг сонсож, дэмжээд сууж байх вэ. Ингэж яриад суух нь гэмт хэрэг гэдгийг мэдэж буй ч хууль хяналтын байгууллагын хонгилд өөрсдийнх нь хүмүүс байгаад аархсан хэрэг биш үү. Ийм нам төрийн эрхэнд гарч, төр ялзарлаа.
2018.10.05 Л.Оюун-Эрдэнэ: ...Төрийн байгууллагууд эвлүүлэг гэж мэлздэг юм байна. АТГ нь эвлүүлэг гэж мэлздэг юм байна. Нийтийн сонсгол хийх гэхлээр Прокурор нь тухайлсан хүнд нь Нийтийн сонсгол хийж болохгүй гэж мэлздэг юм байна. Одоо нэг байгууллагыг харах үлдсэн. Энэ бол Үндсэн хуулийн цэц... Энэ байгууллага дээр хүссэн ч, эс хүссэн ч энэ асуудал очих байх... (Төрийн ордонд сэтгүүлчдэд өгсөн мэдээллээс)
2018.10.04 Д.Эрдэнэбат: ...Төрийн албыг үнэгүйдүүлж, улс төртэй хутгаж, 60 тэрбумаар арилжаалснаас үүдэн төрийн албаны мерит зарчим алдагдаж, үүний хор уршгаар мэргэшсэн, чадварлаг, ёсзүйтэй хүний нөөцөөр хангагдах ёстой төр үнэгүйдэн, бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нийгмийг цочирдуулж, бухимдуулсан асуудлууд шил даран гарсаар байна... (УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтээс)
2018.10.01 Д.Сумъяабазар: ...МАН урагшаа явахад түвэгтэй байдал үүслээ гэж харж байгаа. Өнгөрсөн сонгуулиар яригдсан 60 тэрбумтай холбоотой, газартай холбоотой авлигын асуудал гээд олон түмэн бүгдээрээ л харж, шүүж, мэдэж байгаа... (Ярилцлагын хэсгээс)
2018.09.19 Ц.Нямдорж: ...Тэр ярьсан хүмүүс нь ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой. Энийг бол эвлүүлэг гэж болохгүй... Ямар ч байсан Сандуй нь /ажлаа/ өгчихсөн шүү дээ. Би тэр үг хэлсэний дараа /2017.08.17-нд ТВ25 телевизэд өгсөн ярилцлагаа хэлж буй/. Хүлээсэн байгаа биз?... Эрүүл хүний санаанд оромгүй юм ярьцгаасан. Нэр усыг нь жигштэл, зэвүүцэл төрүүлмээр. Ийм юм хэлчихсэн л юм бол уучлаарай гэж хэлэх ухаан төрөх л ёстой шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)
2018.09.19 Ш.Раднаасэд: ...Ээлжит Бус Чуулганыг зарлах эсэхийг шийддэг газар Хуульзүйн Байнгын хороо биш байхгүй юу. Энэ чинь УИХ-ын Даргын бүрэн эрхийн асуудал... (утсаар өгсөн ярилцлагаас)
2018.09.10 Н.Алтанхуяг: ...Миэегомбын Энхболд гэдэг хүнтэй холбоотой асуудал энэ хүнийг УИХ-ын Дарга байхад шийдэгдэхгүй байх аа. Яагаад гэвэл, АТГ-ын Энхжаргал даргыг энэ хүн тавьсан. АТГ-ын Дарга яалаа гэж тавьсан хүнийхээ ийм юманд оролцсон гэдгийг тогтоох вэ дээ! Тогтоох сонирхол ч байхгүй... (Төр самардаг нууц технологи. 60 тэрбумын талаар нэвтрүүлэгийн хэсгээс)
2018.08.06 Д.Амарбаясгалан: ...Ганц #60тэрбумын хэрэг гэлгүй ёсзүйгүй нөхдөд бүгдэд нь хариуцлага тооцно... (Тусгаар тогтнолын ордонд хийсэн Хэвлэлийн хурлаас)
2018.08.06 Ц.Даваасүрэн: ...Ер нь бол 60 тэрбумын асуудлыг ярих ёстой. Нэг тийш болгох ёстой. Тэгж байж дараагийн сонгуульд орох ёстой... (МАН-ын Бага хурлын үеэр өгсөн ярилцлагаас)
2018.08.03 М.Энхболд: ...Ээлжит бус чуулган зарлах асуудлыг Хуульзүйн Байнгын хороо авч үзэж байж ярих ёстой гэдэг шийдвэрийг УИХ-ын Даргын зөвлөл хоёр удаагийн хурлаараа ярьсан... (Телевизэд өгсөн мэдээлэл)
2018.08.03 МАН-ын Хяналтын Ерөнхий хороо: ...МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёсзүйн алдаа гаргасан МАН-ын гишүүн М.Энхболдын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцлага тооцож ажиллахыг... МАН гишүүн Ц.Сандуй МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж ёсзүйн алдаа гаргасан байх тул 4.4, 4.5 дахь заалтад заасан хариуцлагыг тооцож ажиллахыг... МАН гишүүн А.Ганбаатар МАН Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.9 дэх заалтыг зөрчиж алдаа гаргасан байх тул 4-р зүйлийн 4.4, 4.5, 6-р зүйлийн 6.6 дахь хариуцлагыг тооцохоор... (МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны 2018.08.03-ны өдрийн 13 тоот Хариуцлага тооцож ажиллах тухай тогтоолоос)
2018.08.02 М.Энхболд: ...намынхаа нэр хүндийг #60тэрбум асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна... (МАН Хяналтын Ерөнхий хороонд бичгээр өгсөн тайлбараас)
2018.07.31 Л.Оюун-Эрдэнэ: ...Эвлүүлэг гэж дүгнэлт гаргахын тулд шаардлагатай бүх хууль тогтоомжийг ашигласан байгаа юм. Энэ дүгнэлт дээр "...дууг дүрсжүүлсэн учраас эвлүүлэг..." гэжээ. Монголд Миеэгомбын Энхболд гэдэг улстөрч мэлзэж болох байх л даа... Хамгийн хортой нь, төр нь дагаж мэлзэж байгаа юм. АТГ нь томилсон хүнээ дагаад мэлзэж байгаа байхгүй юу. Дууг аваад дүрсжүүлсэн учраас энэ бол эвлүүлэг юмаа гэдэг дүгнэлтийг АТГ гаргаад сууж байгаа байхгүй юу... (Мэлзээ төр нэвтрүүлгээс)
2018.07.10 Л.Оюун-Эрдэнэ: ...АТГ болон бусад байгууллагын хувьд томилсон хүнээ хамгаалж байгаа зүйл бол тодорхой болж байгаа... УИХ-ын 25 гишүүн гарын үсэг зурж УИХ-ын Ээлжит бус чуулганыг зарлахаар шийдэж өнөөдөр УИХ-ын Даргад өгөх гэж байна... (Төрийн ордонд хийсэн мэдээллээс)
2018.06.28 У.Хүрэлсүх: ...Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз... (УИХ дахь МАН-ын Бүлгийн хурал дээр хэлсэн үгнээс)
2018.06.28 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд яагаад Нээлттэй сонсголоос эмээгээд, гишүүдийг зуруулахгүй байх тэр зүйлд нь халдаад байгааг би ойлгохгүй байгаа... (УИХ-ын Хаврын чуулган завсарлахаас өмнө Нээлттэй сонсгол явуулах тухай бичигт 19 УИХ-ын гишүүний гарын үсэг цуглуулж дуусах үеэр өгсөн мэдээлэл)
2018.06.27 Л.Оюун-Эрдэнэ: ...манай тусгай алба энхрий хайрт томилсон даргынхаа эвлүүлэг гэсэн мэдэгдлийг нотлохын тулд дууг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэж дэлхийд хосгүй дүгнэлт гаргажээ... (Л.Оюун-Эрдэнийн бичсэн "Хууль засаглах уу? Хувь хүн засаглах уу?" нийтлэлээс)
2018.06.27 О.Баасанхүү: ...Нам гэдэг нэрээр, миний сонгуульд ажилласан юмаа. Энэний төлбөрийг төлье гэж байгаа болвол энэ чинь 60 тэрбум л гэсэн үг шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)
2018.06.20 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд та ёсзүйн хариуцлага хүлээж огцрох ёстой... #60тэрбумтай холбоотой асуудлыг цаасан дээрх байдлаар бус бичлэг дээрх нэр бүхий гурван хүн буюу УИХ-ын дарга М.Энхболд, гэрч Доржзодов, бусад гэрчүүд, хууль хяналтын байгууллага, эхлээд бичлэг эх хувиараа байна гэж нотолсон шинжээчид, хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийхийг УИХ-ын гишүүдэд уриалж байна... (Төрийн ордонд хийсэн Хэвлэлийн бага хурлаас)
2018.06.15 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга #60тэрбумын асуудлаа шүүхээр шийдүүлэхээс нааш би Чуулганд суухгүй... (АТГ үүдэнд өгсөн мэдээллээс)
2018.02.15 М.Энхболд: ...60 тэрбумын асуудалтай холбоотой 2016 оны 6 сард ч би байр сууриа илэрхийлж байсан. Сая сонгуулийн үеэр ч "Энэ бол эвлүүлэг ээ" гэдгийг ч хэлж байсан... Тэр ярианд би бол оролцоогүй. Тэр ярилцлаганд бол би байгаагүй. Энэ бол эвлүүлэг байна аа гэдгийг тухайн үед нь хэлж байсан. Жишээлэхийн бол, "Намын байрны гадна цүнхтэй хандив авчирч өгсөн хүний хандив, хандивын бүртгэл байхгүй болчихсон байна лээ" гэдэг болвол Тусгаар тогтнолын ордонд Намын санхүүжилтийн ажлын хэсгийн хурал дээр миний ярьж байсан яриа л байж байх жишээтэй... (ТВ25 телевизийн Ам нээвэл нэвтрүүлгээс)
2017.12 сар ТЕГ Цэнджаргал:. ...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Гомдол гаргана. Эд мөрийн баримтыг буцааж өгөхгүй... (2017 оны 4 сард mp3 хөгжмийг тагнуулын хэрэгсэлд тооцсон хуурамч дүгнэлт гаргуулсан нь ингээд илчлэгдсэн)
2017.11.02 НПГ Д.Баярмагнай: ...хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар 2014 онд "Шинэ Монгол хаад групп” ХХК-ын байранд Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь МАН-ын 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох, бодлого, стратеги, төлөвлөгөө, санхүүжилт хэрхэн босгох талаарх яриа хэлцэл хийсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн... Одоо энэ аудио бичлэгийг үнэн худал гэх асуудал хамаагүй. Би дээр хэлсэн шүү дээ. Прокурорын байгуулага энэ асуудлыг болоогүй, энэ бичлэг эвлүүлэг, худал зүйл гэж хэлээгүй, дүгнээгүй. Дахин хэлье. Энэ асуудал, яригдсан зүйл нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)
2017.09.22 С.Амарсайхан: ...Худлаа гэхэд дэндүү үнэн. Үнэн гэхэд дэндүү сэтгэл гонсоймоор бичлэг байсан... (НИТХ-ын Даргаас Ц.Сандуйг огцруулах үеэр хэлсэн үг)
2017.09.04 НПГ Ж.Ариунаа: ...Хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Сандуй, Ганбаатар нар МАН-ын ... стратеги, төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон... Легаль Аудио Видео компаниар гаргуулсан шинжээчийн дүгнэлтийг ... нотлох баримтаар үнэлэх боломжгүй... 162 болон 40 минутын бичлэг эх файл нь биш учраас шинжилгээний шаардлага хангаагүй гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)
2017.09.04 НПГ Ж.Ариунаа: Төрийн албыг үнэлж мөнгө босгох тухай яриа уулзалтанд У.Хүрэлсүх, Ц.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар болон А.Ганбаатарын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдоогүй. (А.Ганбаатар 2017.08.17-нд хийсэн Хэвлэлийн хурлаараа худал мэдээлэл тараасан нь ингээд тогтоогдсон)
2017.08.23 Ж.Энхбаяр: ...60 тэрбумтай холбоотой Монгол төрийг худалдсан ийм шившигт явдал болж байна. Хэрвээ монголчууд бид төрөө мөнгөөр худалддаг болж байгаа бол монголчуудын төрд итгэдэг тэр үнэт зүйл нуран унана. Монголын ард түмэн өөр хаашаа хандах юм бэ?! Итгэж байсан төр нь, итгэж найдсан сонгуульд 65 суудал өгсөн МАН нь тэдний итгэлийг мөнгөөр үнэлж зарж байгаа байдал гэдэг бол туйлын ноцтой, Монгол Улсын язгуур эрх ашгаас урвасан, Монголын төрт ёсыг худалдсан, төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг гэж үзэж байгаа... (Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах т