19:30 С1 мэдээ
19:00 25цаг мэдээ
16:30 ҮАБЗөвлөлийн зөвлөмж
Уг хариу бичигт:
“Та бүхний зохион байгуулсан МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл жагсаалаас гаргасан шаардлагатай танилцлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт “Монголын ард түмэн бид…эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж заасан бөгөөд төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэний нийгмийн байгууллага, иргэд олон нийт энэхүү зорилгыг тууштай мөрдөж, сахин хамгаалсаар ирсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасны дагуу хуулийн дагуу бүх асуудал шийдэгдэх ёстой.
Миний бие Та бүхнээс тавьж байгаа шаардлагад дурдсан ямар нэгэн бүлэглэл, дэглэмийн төлөөлөгч, хамгаалагч биш. Би үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, иргэдийнхээ цалин орлого, нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлж, тэдгээрийн биелэлтийг зохион байгуулах талаар идэвхтэй ажиллаж ирсэн.
Би МАНАН-г үүсгэгч биш, харин МАНАН үүсэхээс сэргийлэгч, үүссэн МАНАН-г арилгагч. 2005 онд тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН-ын даргаар сонгогдсон даруйд МАХН болон АН-ын хамтарсан “67-гийн бүдүүн бүлэг” нэртэй МАНАН-г тарааж, МАНАН-д суурилсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулж байсан. Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулаад Ардчилсан намыг оруулалгүй Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж, МАНАН үүсэхээс сэргийлсэн.
Мөн 2013 оноос Монгол Ардын Намын даргаар дахин сонгогдон ажиллаж, Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд 65 суудал авч, ямар нэгэн МАНАН үүсэхгүй байх, нэг нам дангаар засгийн эрх барих боломжийг бүрдүүлсэн. Харин одоо шинэ МАНАН үүсэх бодит нөхцөл бүрдэж байгааг ард иргэд Та бүхэн ойлгож байгаа гэдэгт найдаж байна.
Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилд газар эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах хөтөлбөр, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тус тус заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргаж байсан бөгөөд газрын наймаа гэх зэрэг хууль бус аливаа үйлдэл, үйл ажиллагаа хийж байгаагүй болно. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар дээрх хууль журмын дагуу газрын асуудлыг шийдвэрлэсээр ирсэн. Үүний үр дүнд Улаанбаатар хотод орон сууцны олон шинэ хороолол, аж ахуй, соёл, бизнесийн төвүүд бий болсон.
Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Тавантолгой, Оюутолгой, Төмөртэй, Мардай, Шүдэн уул зэрэг 49 ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурал 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолоор 15 болгож бууруулан баталж байсан. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын орд газрууд ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг эрхэм зорилго болгон Ерөнхий сайдад байгаа эрх мэдлийн хүрээнд Улсын Их Хуралд асуудлаа танилцуулж, бүрэн дүүрэн биш гэхэд тодорхой үр дүнд хүрсэн шийдвэр гаргуулж чадсан юм. Түүнчлэн, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад, Монголын ард түмэнд хамгийн ашигтай хувилбараар боловсруулж, Улсын Их Хуралд санал болгосон боловч батлаагүй.
Би Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүний хувьд, үүрэг чиглэл өгч тухайн үед 7200-д хүрч, эх замбараагаа алдсан байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 3600 болгож, хоёр дахин бууруулсан.
Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж байх үедээ Ч.Сайханбилэгийн Засгийн газраас Тавантолгойн орд газрыг Монгол Улсад ашиггүй байдлаар шийдвэрлэх гэж байсан гэрээг эрс эсэргүүцэж, уг гэрээг зогсоох санаачилга гаргаж, миний саналыг Улсын Их Хурлын бусад 2 дэд дарга болон Улсын Их Хурлын дарга дэмжин хамтарч, уг гэрээг замаас нь таслан зогсоож байсан.
Мөн миний тэргүүлж байсан Үндэсний эв нэгдлийн Засгийн газар 2007 оныг “Шинэ ажлын байр нэмэгдүүлэх жил” болгон зарлаж 69 мянган шинэ ажлын байр бий болгож, 42,500 төгрөг байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 мянгад хүргэж, дунджаар 92 мянган төгрөг байсан төрийн албан хаагчдын цалинг 300 мянга болгон цалин тэтгэврийг гурав дахин нэмсэн. Гадаад валютын цэвэр нөөц 2005 онд 298 сая ам.доллар байсныг 2007 он гэхэд түүхэнд анх удаа 1 тэрбум 103 сая болгон дөрөв дахин нэмэгдүүлж, нэг ам.доллартой харьцах төгрөгийн ханш 1221 төгрөг байсныг 2007 оны эцэс гэхэд 1169 төгрөг болгож ам.долларын эсрэг үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг чангаруулж, 2005 оныг хүртэл 6.2 хувьтай байсан эдийн засгийн өсөлтийг анх удаа 10 хувь давуулан 10.2 хувьд хүргэж байсан. “Үдийн цай” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгон залуу гэр бүлд 500 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгосон зэрэг эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүргэх, ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх талаар олон арга хэмжээ авч, эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндэс суурийг тавьсан.
Улсын Их Хурлын даргын хувьд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газраас Улсын Их Хуралд оруулж ирсэн болон Улсын Их Хурлын гишүүдээс санаачилсан хуульд нийцсэн асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөөс шалтгаалж болох зохион байгуулалтын бүхий л арга хэмжээг авч байна. Тухайлбал, 2017 онд Туул голын сав газрын хамгаалалт болон агаар, орчны бохирдлын асуудлаар 2 ажлын хэсэг, 2018 онд Оюу толгой орд газар болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой асуудлаар 2 ажлын хэсэг тус тус байгуулан ажиллуулж байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой асуудлаар гаргасан шалгалтын дүнг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 23 тоот тогтоол батлуулж, Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдсан Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгон төрд авах шийдвэрийг гаргуулсан.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын дээд шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч, бүх шатны шүүгч болон Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг. Үндсэн хуулийн цэцийн даргыг цэцийн гишүүд дотроосоо өөрсдөө сонгодог. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож Улсын Их Хурал, тагнуул, цагдаагийн байгууллагын даргыг Засгийн газар томилж, чөлөөлдөг тул миний бие эдгээр албан тушаалтан болон хуулийн байгууллагад нөлөөлөх ямар ч боломжгүй.
Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үеэр тавигдсан 60 тэрбумын хэрэг гэх асуудлыг 2016-2017 оны хооронд цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллага прокурорын хяналт дор хамтран болон бие даан хоёр ч удаа шалгаж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байдаг.
Миний зүгээс 60 тэрбумтай холбоотой болон бусад асуудлаар шүүх, хуулийн байгууллагад нөлөөлсөн, нөлөөлөх гэсэн ямар нэгэн үйлдэл, үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд 60 тэрбумтай холбоотой асуудлаар нийтийн сонсгол явуулах чиглэлийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн. Одоо энэ асуудлыг тагнуулын байгууллага дахин шалгаж байна.
Монгол Улсын Их Хурлын нэр бүхий 40 гишүүнээс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг шаардаж албан бичиг ирүүлсэн. Уг шаардлагыг харьяаллын дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд гишүүдээс тавьсан шаардлага Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нийцэхгүй байна гэж үзсэн. Энэ тухай шаардлага гаргасан гишүүдэд хариу өгөөд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зохицуулалт бий болгохоор хуулийн төсөл санаачлан ирүүлсэн нь сүүлийн үед тавьж байгаа шаардлага хууль бус байсныг нотолж байгаа юм. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Миний бие хуулийн төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзэж, дэмжсэн санал өгсөн.
Харин улс орны эдийн засгийн бодит салбарын үйл ажиллагааг дэмжиж, импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр шинээр бий болгох, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэд аж ахуй эрхлэх, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших эрхээ хэрэгжүүлэх баталгаа болж байдаг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Улсын Их Хурал, Засгийн газрын нэр бүхий гишүүд, төрийн зарим өндөр албан тушаалтан албаны эрх, нөлөөгөө ашиглан өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ компанид зээл авч өгсөн, зуучилж нэр холбогдсон асуудлыг хуулийн байгууллага үнэн зөвийг нь тогтоон шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулган хуралдаж чадахгүй, улс орон, ард иргэдийн өмнө тулгамдаж, шийдлээ хүлээсэн олон асуудал хэлэлцэгдэхгүй байгаад харамсаж байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ зохих ёсоор хэрэгжүүлж, чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд оролцож, шаардлагад дурдсан асуудлаа хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүсье.
Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх зохицуулалт бүхий хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж эхэлсэн тул идэр есийн жавартай, утаа орчны бохирдол зэрэг эрсдэлт хүчин зүйл ихтэй өвлийн улиралд жагсаал, цуглаанд оролцохгүй байж, эрүүл мэнд, аюулгүй байдлаа сахин хамгаалахыг ард иргэдээсээ хүсэж байна” гэжээ.
Эх сурвалж: http://ulsturch.mn/index.php?view=article&type=item&val=20831
#60тэрбум ИШЛЭЛҮҮД
2019.01.22 Г.Доржзодов: #60тэрбум хэргийг хэрэгсэхгүй болгох, хаахад оролцсон ”хонгил” гэж бодож байгаа хүмүүс:
АТГ мөрдөгч Бат-Олзвой (2016) НПГ прокурор Ширэндэв СБД прокурор Мажигсүрэн (2016) СБД Цагдаагийн 1-р Хэлтэс Батсайхан ТЕГ МШХ Орлогч Ууганбаяр ТЕГ мөрдөгч Цэнджаргал ТЕГ мөрдөгч Сэргэнмандах ЦЕГ Тэргүүн дэд БатбаатарЭднүүсээс одоо ч гэсэн #60тэрбум хэргийг шалгах Ажлын хэсэгт зарим нь ажилласаар байгаа. Тэдэнд эрх мэдлээрээ нөлөө үзүүлсэн улстөрчид, удирдах албан тушаалтнууд, тусалж хамтарч ажилласан байгууллага хувь хүмүүс бас бий. Хэрэг илүү тодорхой болмогц нийтэд хүргэнэ.
2019.01.17 Б.Пүрэвдорж (УИХГ): 60 тэрбумын схемийн үр дагавраар хууль бусаар халагдсан хүмүүсийн зардал төсөвт том ачаа болж байна.
2018.12.26 Д.Гэрэл (ТЕГ дарга): 60 тэрбумын асуудал шалгагдаж байгаа...
2018.12.25 Ж.Батзандан: "60 тэрбум"-ын хэрэг баримттай, нотолгоотой хэрэг
2018.10.24 Г.Доржзодов: АТГ нотлох баримтыг сольж эвлүүлэг гэдэг дүгнэлтийг 2016 онд гаргуулсан... Энэ бол авлига албан тушаалын хэрэг биш. Энэ бол Үндсэн Хуулийн 3.2 заалтыг зөрчсөн үйлдэл байсан...
2018.10.21 Н.Алтанхуяг: Ямар эрүүл ухаантай, ёсзүйтэй намын дарга хэдэн хүний албан тушаал зарж арилжаалах тухай яриаг сонсож, дэмжээд сууж байх вэ. Ингэж яриад суух нь гэмт хэрэг гэдгийг мэдэж буй ч хууль хяналтын байгууллагын хонгилд өөрсдийнх нь хүмүүс байгаад аархсан хэрэг биш үү. Ийм нам төрийн эрхэнд гарч, төр ялзарлаа.
2018.10.05 Л.Оюун-Эрдэнэ: ...Төрийн байгууллагууд эвлүүлэг гэж мэлздэг юм байна. АТГ нь эвлүүлэг гэж мэлздэг юм байна. Нийтийн сонсгол хийх гэхлээр Прокурор нь тухайлсан хүнд нь Нийтийн сонсгол хийж болохгүй гэж мэлздэг юм байна. Одоо нэг байгууллагыг харах үлдсэн. Энэ бол Үндсэн хуулийн цэц... Энэ байгууллага дээр хүссэн ч, эс хүссэн ч энэ асуудал очих байх... (Төрийн ордонд сэтгүүлчдэд өгсөн мэдээллээс)
2018.10.04 Д.Эрдэнэбат: ...Төрийн албыг үнэгүйдүүлж, улс төртэй хутгаж, 60 тэрбумаар арилжаалснаас үүдэн төрийн албаны мерит зарчим алдагдаж, үүний хор уршгаар мэргэшсэн, чадварлаг, ёсзүйтэй хүний нөөцөөр хангагдах ёстой төр үнэгүйдэн, бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нийгмийг цочирдуулж, бухимдуулсан асуудлууд шил даран гарсаар байна... (УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтээс)
2018.10.01 Д.Сумъяабазар: ...МАН урагшаа явахад түвэгтэй байдал үүслээ гэж харж байгаа. Өнгөрсөн сонгуулиар яригдсан 60 тэрбумтай холбоотой, газартай холбоотой авлигын асуудал гээд олон түмэн бүгдээрээ л харж, шүүж, мэдэж байгаа... (Ярилцлагын хэсгээс)
2018.09.19 Ц.Нямдорж: ...Тэр ярьсан хүмүүс нь ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой. Энийг бол эвлүүлэг гэж болохгүй... Ямар ч байсан Сандуй нь /ажлаа/ өгчихсөн шүү дээ. Би тэр үг хэлсэний дараа /2017.08.17-нд ТВ25 телевизэд өгсөн ярилцлагаа хэлж буй/. Хүлээсэн байгаа биз?... Эрүүл хүний санаанд оромгүй юм ярьцгаасан. Нэр усыг нь жигштэл, зэвүүцэл төрүүлмээр. Ийм юм хэлчихсэн л юм бол уучлаарай гэж хэлэх ухаан төрөх л ёстой шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)
2018.09.19 Ш.Раднаасэд: ...Ээлжит Бус Чуулганыг зарлах эсэхийг шийддэг газар Хуульзүйн Байнгын хороо биш байхгүй юу. Энэ чинь УИХ-ын Даргын бүрэн эрхийн асуудал... (утсаар өгсөн ярилцлагаас)
2018.09.10 Н.Алтанхуяг: ...Миэегомбын Энхболд гэдэг хүнтэй холбоотой асуудал энэ хүнийг УИХ-ын Дарга байхад шийдэгдэхгүй байх аа. Яагаад гэвэл, АТГ-ын Энхжаргал даргыг энэ хүн тавьсан. АТГ-ын Дарга яалаа гэж тавьсан хүнийхээ ийм юманд оролцсон гэдгийг тогтоох вэ дээ! Тогтоох сонирхол ч байхгүй... (Төр самардаг нууц технологи. 60 тэрбумын талаар нэвтрүүлэгийн хэсгээс)
2018.08.06 Д.Амарбаясгалан: ...Ганц #60тэрбумын хэрэг гэлгүй ёсзүйгүй нөхдөд бүгдэд нь хариуцлага тооцно... (Тусгаар тогтнолын ордонд хийсэн Хэвлэлийн хурлаас)
2018.08.06 Ц.Даваасүрэн: ...Ер нь бол 60 тэрбумын асуудлыг ярих ёстой. Нэг тийш болгох ёстой. Тэгж байж дараагийн сонгуульд орох ёстой... (МАН-ын Бага хурлын үеэр өгсөн ярилцлагаас)
2018.08.03 М.Энхболд: ...Ээлжит бус чуулган зарлах асуудлыг Хуульзүйн Байнгын хороо авч үзэж байж ярих ёстой гэдэг шийдвэрийг УИХ-ын Даргын зөвлөл хоёр удаагийн хурлаараа ярьсан... (Телевизэд өгсөн мэдээлэл)
2018.08.03 МАН-ын Хяналтын Ерөнхий хороо: ...МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёсзүйн алдаа гаргасан МАН-ын гишүүн М.Энхболдын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцлага тооцож ажиллахыг... МАН гишүүн Ц.Сандуй МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж ёсзүйн алдаа гаргасан байх тул 4.4, 4.5 дахь заалтад заасан хариуцлагыг тооцож ажиллахыг... МАН гишүүн А.Ганбаатар МАН Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.9 дэх заалтыг зөрчиж алдаа гаргасан байх тул 4-р зүйлийн 4.4, 4.5, 6-р зүйлийн 6.6 дахь хариуцлагыг тооцохоор... (МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны 2018.08.03-ны өдрийн 13 тоот Хариуцлага тооцож ажиллах тухай тогтоолоос)
2018.08.02 М.Энхболд: ...намынхаа нэр хүндийг #60тэрбум асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна... (МАН Хяналтын Ерөнхий хороонд бичгээр өгсөн тайлбараас)
2018.07.31 Л.Оюун-Эрдэнэ: ...Эвлүүлэг гэж дүгнэлт гаргахын тулд шаардлагатай бүх хууль тогтоомжийг ашигласан байгаа юм. Энэ дүгнэлт дээр "...дууг дүрсжүүлсэн учраас эвлүүлэг..." гэжээ. Монголд Миеэгомбын Энхболд гэдэг улстөрч мэлзэж болох байх л даа... Хамгийн хортой нь, төр нь дагаж мэлзэж байгаа юм. АТГ нь томилсон хүнээ дагаад мэлзэж байгаа байхгүй юу. Дууг аваад дүрсжүүлсэн учраас энэ бол эвлүүлэг юмаа гэдэг дүгнэлтийг АТГ гаргаад сууж байгаа байхгүй юу... (Мэлзээ төр нэвтрүүлгээс)
2018.07.10 Л.Оюун-Эрдэнэ: ...АТГ болон бусад байгууллагын хувьд томилсон хүнээ хамгаалж байгаа зүйл бол тодорхой болж байгаа... УИХ-ын 25 гишүүн гарын үсэг зурж УИХ-ын Ээлжит бус чуулганыг зарлахаар шийдэж өнөөдөр УИХ-ын Даргад өгөх гэж байна... (Төрийн ордонд хийсэн мэдээллээс)
2018.06.28 У.Хүрэлсүх: ...Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз... (УИХ дахь МАН-ын Бүлгийн хурал дээр хэлсэн үгнээс)
2018.06.28 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд яагаад Нээлттэй сонсголоос эмээгээд, гишүүдийг зуруулахгүй байх тэр зүйлд нь халдаад байгааг би ойлгохгүй байгаа... (УИХ-ын Хаврын чуулган завсарлахаас өмнө Нээлттэй сонсгол явуулах тухай бичигт 19 УИХ-ын гишүүний гарын үсэг цуглуулж дуусах үеэр өгсөн мэдээлэл)
2018.06.27 Л.Оюун-Эрдэнэ: ...манай тусгай алба энхрий хайрт томилсон даргынхаа эвлүүлэг гэсэн мэдэгдлийг нотлохын тулд дууг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэж дэлхийд хосгүй дүгнэлт гаргажээ... (Л.Оюун-Эрдэнийн бичсэн "Хууль засаглах уу? Хувь хүн засаглах уу?" нийтлэлээс)
2018.06.27 О.Баасанхүү: ...Нам гэдэг нэрээр, миний сонгуульд ажилласан юмаа. Энэний төлбөрийг төлье гэж байгаа болвол энэ чинь 60 тэрбум л гэсэн үг шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)
2018.06.20 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд та ёсзүйн хариуцлага хүлээж огцрох ёстой... #60тэрбумтай холбоотой асуудлыг цаасан дээрх байдлаар бус бичлэг дээрх нэр бүхий гурван хүн буюу УИХ-ын дарга М.Энхболд, гэрч Доржзодов, бусад гэрчүүд, хууль хяналтын байгууллага, эхлээд бичлэг эх хувиараа байна гэж нотолсон шинжээчид, хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийхийг УИХ-ын гишүүдэд уриалж байна... (Төрийн ордонд хийсэн Хэвлэлийн бага хурлаас)
2018.06.15 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга #60тэрбумын асуудлаа шүүхээр шийдүүлэхээс нааш би Чуулганд суухгүй... (АТГ үүдэнд өгсөн мэдээллээс)
2018.02.15 М.Энхболд: ...60 тэрбумын асуудалтай холбоотой 2016 оны 6 сард ч би байр сууриа илэрхийлж байсан. Сая сонгуулийн үеэр ч "Энэ бол эвлүүлэг ээ" гэдгийг ч хэлж байсан... Тэр ярианд би бол оролцоогүй. Тэр ярилцлаганд бол би байгаагүй. Энэ бол эвлүүлэг байна аа гэдгийг тухайн үед нь хэлж байсан. Жишээлэхийн бол, "Намын байрны гадна цүнхтэй хандив авчирч өгсөн хүний хандив, хандивын бүртгэл байхгүй болчихсон байна лээ" гэдэг болвол Тусгаар тогтнолын ордонд Намын санхүүжилтийн ажлын хэсгийн хурал дээр миний ярьж байсан яриа л байж байх жишээтэй... (ТВ25 телевизийн Ам нээвэл нэвтрүүлгээс)
2017.12 сар ТЕГ Цэнджаргал:. ...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Гомдол гаргана. Эд мөрийн баримтыг буцааж өгөхгүй... (2017 оны 4 сард mp3 хөгжмийг тагнуулын хэрэгсэлд тооцсон хуурамч дүгнэлт гаргуулсан нь ингээд илчлэгдсэн)
2017.11.02 НПГ Д.Баярмагнай: ...хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар 2014 онд "Шинэ Монгол хаад групп” ХХК-ын байранд Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь МАН-ын 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох, бодлого, стратеги, төлөвлөгөө, санхүүжилт хэрхэн босгох талаарх яриа хэлцэл хийсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн... Одоо энэ аудио бичлэгийг үнэн худал гэх асуудал хамаагүй. Би дээр хэлсэн шүү дээ. Прокурорын байгуулага энэ асуудлыг болоогүй, энэ бичлэг эвлүүлэг, худал зүйл гэж хэлээгүй, дүгнээгүй. Дахин хэлье. Энэ асуудал, яригдсан зүйл нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)
2017.09.22 С.Амарсайхан: ...Худлаа гэхэд дэндүү үнэн. Үнэн гэхэд дэндүү сэтгэл гонсоймоор бичлэг байсан... (НИТХ-ын Даргаас Ц.Сандуйг огцруулах үеэр хэлсэн үг)
2017.09.04 НПГ Ж.Ариунаа: ...Хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Сандуй, Ганбаатар нар МАН-ын ... стратеги, төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон... Легаль Аудио Видео компаниар гаргуулсан шинжээчийн дүгнэлтийг ... нотлох баримтаар үнэлэх боломжгүй... 162 болон 40 минутын бичлэг эх файл нь биш учраас шинжилгээний шаардлага хангаагүй гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)
2017.09.04 НПГ Ж.Ариунаа: Төрийн албыг үнэлж мөнгө босгох тухай яриа уулзалтанд У.Хүрэлсүх, Ц.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар болон А.Ганбаатарын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдоогүй. (А.Ганбаатар 2017.08.17-нд хийсэн Хэвлэлийн хурлаараа худал мэдээлэл тараасан нь ингээд тогтоогдсон)
2017.08.23 Ж.Энхбаяр: ...60 тэрбумтай холбоотой Монгол төрийг худалдсан ийм шившигт явдал болж байна. Хэрвээ монголчууд бид төрөө мөнгөөр худалддаг болж байгаа бол монголчуудын төрд итгэдэг тэр үнэт зүйл нуран унана. Монголын ард түмэн өөр хаашаа хандах юм бэ?! Итгэж байсан төр нь, итгэж найдсан сонгуульд 65 суудал өгсөн МАН нь тэдний итгэлийг мөнгөөр үнэлж зарж байгаа байдал гэдэг бол туйлын ноцтой, Монгол Улсын язгуур эрх ашгаас урвасан, Монголын төрт ёсыг худалдсан, төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг гэж үзэж байгаа... (Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах т