2018.10.08 #НэгҮйлдэл
October 8, 2018 at 4:00 pm,
No comments
Өнөөдөр нэгэн сэтгүүлч надаас ЯАГААД Авлигын Эсрэг Саван-г хийх болсоныг минь асуулаа. Авлигатай холбоотой өөрт тохиолдсон түүхээ ярьтал өнөөх сэтгүүлч, болсон явдлыг нэр устай, албан тушаалтай нь нийтэд зарлаж ярилцлага өгөөч гэв. 😱 Намайг авлигачдын эсрэг ШҮГЭЛ ҮЛЭЭ гэлээ.
ХЭРЭВ ЗЭЭ шүгэл үлээгчийн амь нас, ар гэр, албан тушаал, аюулгүй байдлыг өс саналтаас, заналхийллээс хамгаалдаг хуультай төр надад байсан бол, ХЭРЭВ ЗЭЭ шүгэл үлээгчийг матаасчин, бөгс ухагч, бууны нохой хэмээн жигшигч, үгсэн гадуурхагч, үзэн ядагчдаас өмөөрдөг иргэний нийгэм надад байсан бол, ХЭРЭВ ЗЭЭ галзуу авлигачын аманд дунд хуруугаа хийхээс буцахгүй залуу насны зориг минь үлдсэн бол, ХЭРЭВ ЗЭЭ нийгмийн эрх ашгийг үр хүүхдийнхээ эрх ашгаас илүү үнэт бөгөөд чухалд тооцох уужуу ухаанд суралцаж амжсан бол би Авлигын Эсрэг Саван хийхийн оронд амьдардаг дошныхоо авлигачдыг ар араас нь илчлэх байлаа. Ил илчлэх зориг үгүй ч сэм матах жудаг бий.
Тиймээс авлигын дэргэдүүр амаа хамхиж, сүүлээ хавчиж өнгөрөвч салаавчаа халааслаж яваа өөрийгөө, өрөөл бусдыг бодож Авлигын Эсрэг Саван ч болтугайг хийсэн юм. Дуугарч чадахгүй ч дуу гараг гэж, хийж чадахгүй ч хий гараг гэж авлигыг эсэргүүцэж иймхэн зүйл хийлээ. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэвч хэл минь үдээтэй нийгэмд хөлөөрөө хийж буй тэмцэл минь юм.
Нийгэм бүхэлдээ булихайч, авлигач мэт харагдавч БҮГД ТИЙМ БИШ. Би тэмцэгч биш юмаа гэхэд БИ АВЛИГАЧ БИШ. “Бүгдээрээ л, угаасаа л, ийм юм байх” гэх авлигыг зөвтгөж, нийтийг хамруулсан далимч хандлагыг эсэргүүцэж, авлигачдын нийгмээс нэрээ, гараа, гэрээ татаж авах гэж энэ НЭГ ҮЙЛДЭЛ-ийг хийлээ.
Авлига яаж ажил бүтээдгийг, цаг, мөнгө хэмнэдгийг, амжиргаа дээшлүүлдэгийг, амжилтанд хүргэдгийг бид аль хэдийн сурсан, дадал болгосон. Манай ниймгийн гаргууд эзэмшсэн авлигач, долгиногч, бөгс долоогч, цүнх баригч ур чадварууд маань соёл, уламжлал, амьдралын хэв маяг, зан заншил, хүмүүжлийн өв болтлоо төгсөрч хөгжижээ. Төрөхдөө эмчийг авлигадаж ирээд, үхэхдээ ламыг хахуульдаад буцдаг болсон. Бурханаас Авлигын Эсрэг Саванг ойлгох ухаан гуйж байгаа ХҮМҮҮС ЭЭ, авлига яаж хүн алдагийг, хүчин хийдгийг, хулгайлдагийг, хуурч мэхэлдгийг, бас авлига яаж ард түмнийг амаар нь өвчин зовлон, үгээгүй ядуурал өмхүүлдгийг, авлига яаж улс орныг хямрааж, туйлдуулж, харьд худалддагийг харах НҮД ХАЙРЛААЧ гэж Бурханаас гуй.
Төрийн төлөө огтоно боож үхнэ, саваагүй нохой саранд хуцна, амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол, илүү үг хүзүү орооно гэх сургааль үгсийг сонсож өслөө, өнөө өглөө ч сонслоо. Даруу байж, яруу үйлдэхэд суралцлаа. Тэгье ээ, өвөг дээдсийнхээ сургааль үгсэд үнэмшээд бүгдээрээ дуугүй байцгаая, даруу байцгаая, тэгээд ЯРУУ ҮЙЛДЭЦГЭЭЕ.
Авлигачид ичихгүй байхад матаасчид юунаас ичих юм? Авлигын эсрэг дуугарч чадахгүй юм бол дуу гаргацгаая, хийж чадахгүй юм бол хийгээ гаргацгаая. Шударга бус, шунаг, хүнд сурталт хандлагыг үл тэвчигч, заргач, матаач хүмүүсээ, НЭГДЭЦГЭЭЕ. Авлигын эсрэг ямар НЭГ ҮЙЛДЭЛ хийцгээе. Авлигын эсрэг ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ-ийг хамгаалах тухай хуулийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлж батлахыг шаардацгаая. Тэр болтол БҮГДЭЭРЭЭ авлигын эсрэг ЯРУУ УНГАЦГААЯ.
Battsetseg Chagdgaa