MON
  • MON
  • ENG
6o bln
  • Эхлэл
  • 90 мин
  • 40 мин
  • ШШҮХ шинжээчийн тайлбар
  • FBI шинжээчийн дүгнэлт
  • Он цагийн дараалал
  • Ньюс

2018.04.11 ШШҮХ-гийн дэд захирал Ц.Гантулгын хоёр нүүр буюу “60 тэрбум”-ын бичлэгийг будлиантуулсан нь

April 11, 2018 at 9:00 am, No comments

2016 оны зургадугаар сарын 24-нд тухайн үед МАН-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд, Нийслэлийн МАН-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөгөөр зарах тухай ярилцаж буй дуу хоолойны бичлэг цацагдаж байв. УИХ-ын сонгууль товлогдсон өдрөөс ердөө тав хоногийн өмнө МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг зарж 60 тэрбум төгрөг босгох төлөвлөгөө дэлгэгдсэн нь тухайн үедээ шуугиан тарьсан юм.

Эвлүүлэг мөн биш гэх маргааныг одоог хүртэл дагуулсаар байгаа “60 тэрбумын бичлэг”-ийг будлиантуулах ажил Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хэрхэн өрнөснийг тус байгууллагад ажилладаг шинжээч бидэнтэй хуваалцсан юм. Түүний хүсэлтийн дагуу нэрийг нь нууцлан хүргэж байна.


“60 тэрбумын бичлэг”-ийн эхний дүгнэлтийг гаргуулахын тулд хөл хорио тогтоож байсан

Тухайн үед ШШҮХ-ийн захирлаар Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын маш ойрын хамаатан Хөхөөгийн Өлзийбаяр гэдэг хүн ажилладаг байсан.

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн “60 тэрбумын бичлэг” олон нийтэд цацагдсан даруйд уг бичлэгийг шинжлүүлэх шинжээчийг томилуулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс ШШҮХ-д бичиг ирүүлж байсан. Цагдаагаас бичиг ирсэн даруйд Х.Өлзийбаяр захирал, Шинжилгээ хариуцсан захирал Ц.Гантулга нар “Наад бичлэгээ бушуухан шалгаад дүгнэлтээ нэн даруй гарга” гэсэн чиглэлийг ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гэрэл зураг-Дүрс бичлэг-Дүр зургийн лабораторийн шинжээч Д.Мөнхбаатарт өгч байсан. Д.Мөнхбаатарын өрөө нь ШШҮХ-ийн тавдугаар давхарт байдаг юм. Тус шинжилгээг хийлгэхийн тулд Хүрээлэнгийн таван давхрын бүх хаалгыг хаалгаж, хөл хорио маягийн юм тогтоож байгаад хоёр захирал тэдний өрөөнд сууж дүгнэлтийг гаргуулсан. Д.Мөнхбаатар докторын зэрэгтэй, мундаг ухаантай залуу л даа. Гоомой юм хийхгүйн тулд тухайн бичлэгийг сонсож үзээд энэ бичлэгт дурьдагдсан хүмүүсийн дуу хоолойг мөн гэдгийг тогтоохын тулд харьцуулах бичлэг хэрэгтэй. Тэр бичлэггүйгээр би дүгнэлт гаргаж чадахгүй гэсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, бичлэгт нэр дурьдагдсан хүмүүсийн дуу хоолойг бичсэн өөр бичлэг олж ир гэсэн байдаг. Тэгмэгц нь Ц.Гантулга захирал өөрийнхөө жолоочийг Сүхбаатар дүүргийн цагдаа руу болон АН-ын сонгуулийн штаб руу явуулж, Ц.Сандуйгийн яриатай бичлэгийг авчруулж байсан. Шинжээч хүн харьцуулах баримтыг бүрдүүлэх нь хууль, журмаараа хориотой. Яах ёстой вэ гэхээр харьцуулах бичлэгээ ирүүл гэсэн бичгийг хүсэлт гаргасан Цагдаагийн хэлтэс рүү явуулаад тэндээс нь зохих ёсны хүнээр нь авчруулах ёстой юм.

Ц.Гантулга захирал шинжээчийн дүгнэлтийг АН-ын сонгуулийн штабт хүргэж өгчээ

Д.Мөнхбаатарт Ц.Сандуйгийн яриа бүхий өөр бичлэгийг авчирч өгөнгүүтээ хоёр захирал хажууд нь сууж байгаад шинжилгээг хийлгэсэн. Д.Мөнхбаатар “SIS7” гэдэг тусгай программаар шинжилгээг хийгээд “Энэ бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ, бичлэгт бичигдсэн дуу хоолой Ц.Сандуйгийн дуу хоолой мөн” гэсэн дүгнэлтийг гаргаж өгсөн байдаг юм. Гэтэл Ц.Гантулга тухайн дүгнэлтийг аваад АН-ын сонгуулийн төв штаб руу аваачиж өгч өөртөө оноо авсан. Д.Мөнхбаатарын хийсэн эхний шинжилгээний дүгнэлтийг тухайн үед НИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Баттулга хэвлэлийн бага хурал зарлан олон нийтэд мэдээлж байсан юм.

Ц.Гантулга эхний дүгнэлтийг өөрчлүүлж суудалдаа үлджээ

Гэвч тус сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулчихсан. МАН ялангуут ШШҮХ-ийн хоёр захирал маш эвгүй байдалд орсон. Эвгүй байдлаас гарахын тулд нөгөө дүгнэлтээ нэн даруй өөрчлөх ёстой гэж тохирсон юм билээ. Тэгээд уг бичлэгт дахин шинжилгээ хийлгэхээр тохирсон байдаг. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шинжилгээнд ирүүлсэн криминалистийн шинжилгээний баримт нь заавал эх хувиараа байна. Тэр тохиолдолд шинжилгээ хийнэ гэсэн заалттай. Гэхдээ дижитал төхөөрөмжийг тэгж шаарддаггүй. Яагаад гэхээр хэд ч дамжуулж хуулсан гэлээ эх хувь нь яг хэвээрээ байна шүү дээ. Тэгмэгц Ц.Гантулга захирал дараагийн дүгнэлтээ юу гэж гаргасан бэ гэхээр “Тухайн бичлэг нь эх хувиараа байхгүй учраас шинжилгээ хийх боломжгүй” гэсэн өөр хариуг гаргасан учраас албан тушаал дээрээ үлдсэн.

Бригадын генерал Д.Батжаргал “60 тэрбум эвлүүлэг мөн” гэсэн дүгнэлтийг хэлж өгч бичүүлсэн

2016 оны есдүгээр сарын 02-нд Х.Өлзийбаяр захирлыг чөлөөлж, ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Батжаргал генералыг манай захирлаар томилсон. Д.Батжаргал генерал манайд ирсэн даруйдаа бүх ажилтны хурал зарлаж “Та нарын шинжилгээтэй холбоотой янз бүрийн асуудал (60 тэрбумын асуудлыг хэлж байна) гарсан. Би намын шийдвэрээр дээрээс томилогдож ирсэн хүн. Элдэв янзын юм болох л юм бол та нарыг хална шүү” гэсэн.

Тэр хүн ирсэн даруйдаа "60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг мөн" гэсэн дүгнэлтийг Ц.Гантулгатай нийлж гаргуулсан. Тэгэхдээ бүх ажилтнуудыг өрөөнд нь байлгаж, тэр хавьдаа жижигхэн хөл хорио тогтоож байгаад шинжээчийн дүгнэлтийн үгийг нь өөрөө хэлж өгч бичүүлсэн гэж манай ажлынхан хоорондоо ярьдаг.

"60 тэрбумын бмчлэг" эвлүүлэг байгаагүй. үүнийг АНУ-ын шинжилгээний компани ч тогтоосон байдаг. Харин тэгэхэд Д.Батжаргал генерал юу гэж ярьдаг вэ гэхээр "Манай байгууллага тухайн бичлэгийг шинжлэх боломж байхгүй. Тийм техник хэрэгсэл нь ч байхгүй. Ийм шинжилгээг гадаадад АНУ-д ч хийж чаддаггүй юм билээ" гээд л худлаа яриад яваад байгаа гэсэн юм.

С.Будрагчаа

Цаасан эх сурвалж (бүрэн текст): Монголын мэдээ сонин, 2018 оны 4 дүгээр сарын 11, Лхагва гариг, №072(4922), 1 ба 4-р тал



Цахим эх сурвалж (хэсэгчилсэн текст): http://dardas.mn/?p=22583


No comments

Leave a reply







#60тэрбум

ХЭН, ХЭЗЭЭ, ЮУ ХЭЛЭВ?

2022.02.11 Д.Амарбаясгалан: "...аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Ингээд шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасна. Намын гишүүнчлэлээс хасагдчихаад буцаад элсэх асуудал байхгүй. Насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдана гэсэн үг..."

2019.02.21 "...А.Ганбаатарыг МАН-аас гарсанд тооцсугай..." (Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 4 тоот тогтоол ҮЗЭХ)

2019.02.18 "...МАН-ын Дүрэм"-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дахь заалтуудыг тус тус зөрчсөн Монгол Ардын Намын гишүүн Ц.Сандуйг Монгол Ардын Намын гишүүнээс гарсанд тооцсугай..." (МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 23 тоот тогтоол ҮЗЭХ)

2019.01.21 Г.Доржзодов (@ГэрФорум): "...2016 онд анх 60 тэрбум бичлэг задлахад Улсын ерөнхий прокурор Энх-Амгалан байсан. Өнөөдөр ч байсаар байна. Энх-Амгалан яагаад М.Энхболдын бүрэн эрхийг одоо болтол түдгэлзүүлж шалгах саналаа УИХ-д оруулж ирэхгүй байгаа юм бэ? 2016 онд АТГ хуурамч нотлох баримт ШШҮХ-д шилжүүлж шалгуулаад хэргийг хаалгасан. Тэр үедээ АТГ мөрдөгч Бат-Олзвой нэг ч үг өгүүлбэр тайлбар М.Энхболдоос аваагүй хэргийг хаасан. Шалгуулах ёстой хүмүүс нь цэвэрлэгдээд, би харин гэмт хэрэгтэн болоод хэрэг хаагдсан. ТЕГ гүйцэтгэх ажлын шугамаар мэдээлэл авагдаж хэргийг сэргээн шалгах болсон гэж Энх-Амгалан хэлсээр байтал АТГ яагаад ТЕГ-аас 60 тэрбум хэргийг татаж аваад өнөөдрийг хүртэл ямарч ахицгүй дараад бгаан бэ?! Уг нь энэ хэрэг ҮХ-ийн 3.2 Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдах гэсэн зүйлчлэлтэй гэмт хэрэг. УПЕГ болон харъяалалын дагуу энэ төрлийн хэргийг хариуцдаг ТЕГ 2016 онд яагаад юу ч хийгээгүй юм бэ?! Ер нь 60 тэрбум гэх хэрэг авлигын гэхээсээ илүү ҮХ 3.2 хэрэг. Гэтэл яагаад АТГ рүү байн байн шилжүүлж дардаг юм бэ?! Дахин дахин сэргээх бүртээ уг хэргийг хэрэгсэхгүй болгож хааж байсан Ажлын хэсэг л дахин дахин шалгахаар томилогдоод байх юм..."

2019.01.22 Г.Доржзодов: #60тэрбум хэргийг хэрэгсэхгүй болгох, хаахад оролцсон ”хонгил” гэж бодож байгаа хүмүүс:

АТГ мөрдөгч Бат-Олзвой (2016)
НПГ прокурор Ширэндэв СБД прокурор Мажигсүрэн (2016) СБД Цагдаагийн 1-р Хэлтэс Батсайхан ТЕГ МШХ Орлогч Ууганбаяр ТЕГ мөрдөгч Цэнджаргал ТЕГ мөрдөгч Сэргэнмандах
ЦЕГ Тэргүүн дэд Батбаатар

Эднүүсээс одоо ч гэсэн #60тэрбум хэргийг шалгах Ажлын хэсэгт зарим нь ажилласаар байгаа. Тэдэнд эрх мэдлээрээ нөлөө үзүүлсэн улстөрчид, удирдах албан тушаалтнууд, тусалж хамтарч ажилласан байгууллага хувь хүмүүс бас бий.

2019.01.17 Б.Пүрэвдорж (УИХГ): 60 тэрбумын схемийн үр дагавраар хууль бусаар халагдсан хүмүүсийн зардал төсөвт том ачаа болж байна.

2019.01.11 М.Энх-Амгалан (Ерөнхий прокурор): 60 тэрбумын гээд яриад байгаа хэрэг маань бол арай өөр тусдаа хэрэг. Тэгээд одоо тэрийг эвлүүлэг гэж хаасан гээд л янз янзын юм ярьдаг. Прокурорын байгууллага энийг эвлүүлэг гэж хаагаагүй ээ. Энэ буруу ойлголт яваад... Тэгээд "...энэ эвлүүлэг байна аа гэж яриад ингээд хаагаад хайцаалаад байгаамаа. Энэ асуудал болоогүй гэж үзэж байгаа юмаа..." гэж яригдаад байгаа. Үгүй ээ. Прокурорын байгууллага үйл явдал, энэ яриа хөөрөө бүгдээрээ болсон юмаа гэдгийг болвол тэр өөрийнхөө гаргасан шийдвэр, тогтоолдоо зааж өгсөн... Тэгээд дараа нь Тагнуулын ерөнхий газраас "...манай дээр тодорхой хэмжээний мэдээлэл байна. Энийгээ бид нар шалгамаар байна." гэдэг хүсэлт тавиад, энэ асуудал сэргээгдээд одоо шалгагдаж байгаа.

2018.12.26 Д.Гэрэл (ТЕГ дарга): 60 тэрбумын асуудал шалгагдаж байгаа...

2018.12.25 Ж.Батзандан: "60 тэрбум"-ын хэрэг баримттай, нотолгоотой хэрэг

2018.10.25 Л.Болд: “60 тэрбум”-ын хэргийг илчилсэн Г.Доржзодов бол Монголын номер нэг “Шүгэл үлээгч”. Дэлхийн жишээ болчихлоо шүү дээ. Ийм аймшигтай тогтолцооны эсрэг ганц хүн зогсож байна. Тэр хүнийг бид яаж хамгаалж байна. Тагнуул, цагдаа, шүүх зэрэг бүх хуулийн байгууллага яаж дарамтлав.

2018.10.24 Г.Доржзодов: АТГ нотлох баримтыг сольж эвлүүлэг гэдэг дүгнэлтийг 2016 онд гаргуулсан... Энэ бол авлига албан тушаалын хэрэг биш. Энэ бол Үндсэн Хуулийн 3.2 заалтыг зөрчсөн үйлдэл байсан...

2018.10.21 Н.Алтанхуяг: Ямар эрүүл ухаантай, ёсзүйтэй намын дарга хэдэн хүний албан тушаал зарж арилжаалах тухай яриаг сонсож, дэмжээд сууж байх вэ. Ингэж яриад суух нь гэмт хэрэг гэдгийг мэдэж буй ч хууль хяналтын байгууллагын хонгилд өөрсдийнх нь хүмүүс байгаад аархсан хэрэг биш үү.  Ийм нам төрийн эрхэнд гарч, төр ялзарлаа.

2018.10.17 Л.Болд: УИХ-ын 26 гишүүн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн боловч шалтаг заан ээлжит бус чуулган зарлалгүй төрийн үйл ажиллагааг тасалдуулсан нь #ҮндсэнХууль зөрчсөн хэмээн үзэж иргэний хувиар #ҮндсэнХууль-д хандлаа (Твитр хуудаснаас)

2018.10.05 Л.Оюун-Эрдэнэ: ...Төрийн байгууллагууд эвлүүлэг гэж мэлздэг юм байна. АТГ нь эвлүүлэг гэж мэлздэг юм байна. Нийтийн сонсгол хийх гэхлээр Прокурор нь тухайлсан хүнд нь Нийтийн сонсгол хийж болохгүй гэж мэлздэг юм байна. Одоо нэг байгууллагыг харах үлдсэн. Энэ бол Үндсэн хуулийн цэц... Энэ байгууллага дээр хүссэн ч, эс хүссэн ч энэ асуудал очих байх... (Төрийн ордонд сэтгүүлчдэд өгсөн мэдээллээс)

2018.10.04 Д.Эрдэнэбат: ...Төрийн албыг үнэгүйдүүлж, улс төртэй хутгаж, 60 тэрбумаар арилжаалснаас үүдэн төрийн албаны мерит зарчим алдагдаж, үүний хор уршгаар мэргэшсэн, чадварлаг, ёсзүйтэй хүний нөөцөөр хангагдах ёстой төр үнэгүйдэн, бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нийгмийг цочирдуулж, бухимдуулсан асуудлууд шил даран гарсаар байна... (УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтээс)

2018.10.01 Х.Баттулга: ...асуудлууд хуримтлагдсаар, нийгэм бухимдсаар байх тийм нөхцөл бат тогтжээ... Ганцхан жишээ дурдахад, хоёр жилийн өмнөөс илчлэгдэж, яригдаж эхэлсэн 60 тэрбумын гэх тодотголтой хэргийг эцэслэх талаар УИХ-ын Чуулганыг завсарлуулахгүйгээр хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналыг би гаргаж байсан. Дараа нь Ээлжит бус чуулганаар хэлэлцэх нөхцөл байдал үүсэнийг сануулж, Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналыг би бас хүргүүлсэн. УИХ-ын гишүүдийн 1/3-ээс дээших нь бас шаардсан. Ерөнхийлөгчийн санал гаргасан зэрэг Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах Хуульд заасан хоёр үндэслэл нэгэн зэрэг бий болсон тохиолдолд УИХ-ын Дарга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх ёстой юмаа. Гэтэл үүргээ биелүүлсэнгүй... (УИХ-ын 2018 оны Намрын чуулганы Нээлтэд хэлсэн үгнээс)

2018.10.01 Д.Сумъяабазар: ...МАН урагшаа явахад түвэгтэй байдал үүслээ гэж харж байгаа. Өнгөрсөн сонгуулиар яригдсан 60 тэрбумтай холбоотой, газартай холбоотой авлигын асуудал гээд олон түмэн бүгдээрээ л харж, шүүж, мэдэж байгаа... (Ярилцлагын хэсгээс)

2018.09.19 Ц.Нямдорж: ...Тэр ярьсан хүмүүс нь ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой. Энийг бол эвлүүлэг гэж болохгүй... Ямар ч байсан Сандуй нь /ажлаа/ өгчихсөн шүү дээ. Би тэр үг хэлсэний дараа /2017.08.17-нд ТВ25 телевизэд өгсөн ярилцлагаа хэлж буй/. Хүлээсэн байгаа биз?... Эрүүл хүний санаанд оромгүй юм ярьцгаасан. Нэр усыг нь жигштэл, зэвүүцэл төрүүлмээр. Ийм юм хэлчихсэн л юм бол уучлаарай гэж хэлэх ухаан төрөх л ёстой шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)

2018.09.19 Ш.Раднаасэд: ...Ээлжит Бус Чуулганыг зарлах эсэхийг шийддэг газар Хуульзүйн Байнгын хороо биш байхгүй юу. Энэ чинь УИХ-ын Даргын бүрэн эрхийн асуудал... (утсаар өгсөн ярилцлагаас)

2018.09.17 Л.Болд: ...Хуулийн байгууллага өнгөрсөн хугацаанд 60 тэрбумын асуудлыг зориуд царцааж, булзайруулсан байдлаар ажиллаж ирлээ... УИХ-ын 26 гишүүн 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай гэж үзэн, гарын үсгээ зурсан. Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулганыг 60 тэрбумын асуудлаар зарлан хуралдуулахыг шаардсан албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн. Энэ хоёр хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээж авсангүй. Ингэснээр Үндсэн хуулийн хоёр зөрчил яг бодитойгоор үүсчихлээ... (medee.mn сайтад өгсөн ярилцлагаас)

2018.09.10 Н.Алтанхуяг: ...Миэегомбын Энхболд гэдэг хүнтэй холбоотой асуудал энэ хүнийг УИХ-ын Дарга байхад шийдэгдэхгүй байх аа. Яагаад гэвэл, АТГ-ын Энхжаргал даргыг энэ хүн тавьсан. АТГ-ын Дарга яалаа гэж тавьсан хүнийхээ ийм юманд оролцсон гэдгийг тогтоох вэ дээ! Тогтоох сонирхол ч байхгүй... (Төр самардаг нууц технологи. 60 тэрбумын талаар нэвтрүүлэгийн хэсгээс)

2018.08.06 Д.Амарбаясгалан: ...Ганц #60тэрбумын хэрэг гэлгүй ёсзүйгүй нөхдөд бүгдэд нь хариуцлага тооцно... (Тусгаар тогтнолын ордонд хийсэн Хэвлэлийн хурлаас)

2018.08.06 Ц.Даваасүрэн: ...Ер нь бол 60 тэрбумын асуудлыг ярих ёстой. Нэг тийш болгох ёстой. Тэгж байж дараагийн сонгуульд орох ёстой... (МАН-ын Бага хурлын үеэр өгсөн ярилцлагаас)

2018.08.03 М.Энхболд: ...Ээлжит бус чуулган зарлах асуудлыг Хуульзүйн Байнгын хороо авч үзэж байж ярих ёстой гэдэг шийдвэрийг УИХ-ын Даргын зөвлөл хоёр удаагийн хурлаараа ярьсан... (Телевизэд өгсөн мэдээлэл)

2018.08.03 МАН-ын Хяналтын Ерөнхий хороо: ...МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёсзүйн алдаа гаргасан МАН-ын гишүүн М.Энхболдын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцлага тооцож ажиллахыг... МАН гишүүн Ц.Сандуй МАН-ын Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж ёсзүйн алдаа гаргасан байх тул 4.4, 4.5 дахь заалтад заасан хариуцлагыг тооцож ажиллахыг... МАН гишүүн А.Ганбаатар МАН Дүрмийн 4-р зүйлийн 4.2.5, 4.2.9 дэх заалтыг зөрчиж алдаа гаргасан байх тул 4-р зүйлийн 4.4, 4.5, 6-р зүйлийн 6.6 дахь хариуцлагыг тооцохоор... (МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 13 тоот Хариуцлага тооцож ажиллах тухай тогтоол ҮЗЭХ)

2018.08.02 М.Энхболд: "...намынхаа нэр хүндийг уг асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна..." (МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр М.Энхболдын бичгээр гаргасан Хүсэлтийн хэсгээс. Хүсэлтийг бүрэн эхээр ҮЗЭХ)

2018.07.31 Л.Оюун-Эрдэнэ: ...Эвлүүлэг гэж дүгнэлт гаргахын тулд шаардлагатай бүх хууль тогтоомжийг ашигласан байгаа юм. Энэ дүгнэлт дээр "...дууг дүрсжүүлсэн учраас эвлүүлэг..." гэжээ. Монголд Миеэгомбын Энхболд гэдэг улстөрч мэлзэж болох байх л даа... Хамгийн хортой нь, төр нь дагаж мэлзэж байгаа юм. АТГ нь томилсон хүнээ дагаад мэлзэж байгаа байхгүй юу. Дууг аваад дүрсжүүлсэн учраас энэ бол эвлүүлэг юмаа гэдэг дүгнэлтийг АТГ гаргаад сууж байгаа байхгүй юу... (Мэлзээ төр нэвтрүүлгээс)

2018.07.10 Л.Оюун-Эрдэнэ: ...АТГ болон бусад байгууллагын хувьд томилсон хүнээ хамгаалж байгаа зүйл бол тодорхой болж байгаа... УИХ-ын 25 гишүүн гарын үсэг зурж УИХ-ын Ээлжит бус чуулганыг зарлахаар шийдэж өнөөдөр УИХ-ын Даргад өгөх гэж байна... (Төрийн ордонд хийсэн мэдээллээс)

2018.06.29 Л.Оюун-Эрдэнэ: ..."60 тэрбум"-ын асуудлаар би тултал нь явж мухарлана (ярилцлага)

2018.06.28 У.Хүрэлсүх: ...Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз... (УИХ дахь МАН-ын Бүлгийн хурал дээр хэлсэн үгнээс)

2018.06.28 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд яагаад Нээлттэй сонсголоос эмээгээд, гишүүдийг зуруулахгүй байх тэр зүйлд нь халдаад байгааг би ойлгохгүй байгаа... (УИХ-ын Хаврын чуулган завсарлахаас өмнө Нээлттэй сонсгол явуулах тухай бичигт 19 УИХ-ын гишүүний гарын үсэг цуглуулж дуусах үеэр өгсөн мэдээлэл)

2018.06.27 Л.Оюун-Эрдэнэ: ...манай тусгай алба энхрий хайрт томилсон даргынхаа эвлүүлэг гэсэн мэдэгдлийг нотлохын тулд дууг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэж дэлхийд хосгүй дүгнэлт гаргажээ... (Л.Оюун-Эрдэнийн бичсэн "Хууль засаглах уу? Хувь хүн засаглах уу?" нийтлэлээс)

2018.06.27 О.Баасанхүү: ...Нам гэдэг нэрээр, миний сонгуульд ажилласан юмаа. Энэний төлбөрийг төлье гэж байгаа болвол энэ чинь 60 тэрбум л гэсэн үг шүү дээ... (ТВ25 телевизэд өгсөн ярилцлага)

2018.06.20 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга М.Энхболд та ёсзүйн хариуцлага хүлээж огцрох ёстой... #60тэрбумтай холбоотой асуудлыг цаасан дээрх байдлаар бус бичлэг дээрх нэр бүхий гурван хүн буюу УИХ-ын дарга М.Энхболд, гэрч Доржзодов, бусад гэрчүүд, хууль хяналтын байгууллага, эхлээд бичлэг эх хувиараа байна гэж нотолсон шинжээчид, хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийхийг УИХ-ын гишүүдэд уриалж байна... (Төрийн ордонд хийсэн Хэвлэлийн бага хурлаас)

2018.06.15 Л.Оюун-Эрдэнэ: ...УИХ-ын Дарга #60тэрбумын асуудлаа шүүхээр шийдүүлэхээс нааш би Чуулганд суухгүй... (АТГ үүдэнд өгсөн мэдээллээс)

2018.02.15 М.Энхболд: ...60 тэрбумын асуудалтай холбоотой 2016 оны 6 сард ч би байр сууриа илэрхийлж байсан. Сая сонгуулийн үеэр ч "Энэ бол эвлүүлэг ээ" гэдгийг ч хэлж байсан... Тэр ярианд би бол оролцоогүй. Тэр ярилцлаганд бол би байгаагүй. Энэ бол эвлүүлэг байна аа гэдгийг тухайн үед нь хэлж байсан. Жишээлэхийн бол, "Намын байрны гадна цүнхтэй хандив авчирч өгсөн хүний хандив, хандивын бүртгэл байхгүй болчихсон байна лээ" гэдэг болвол Тусгаар тогтнолын ордонд Намын санхүүжилтийн ажлын хэсгийн хурал дээр миний ярьж байсан яриа л байж байх жишээтэй... (ТВ25 телевизийн Ам нээвэл нэвтрүүлгээс)

2017.12 сар ТЕГ Цэнджаргал:. ...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Гомдол гаргана. Эд мөрийн баримтыг буцааж өгөхгүй... (2017 оны 4 сард mp3 хөгжмийг тагнуулын хэрэгсэлд тооцсон хуурамч дүгнэлт гаргуулсан нь ингээд илчлэгдсэн)

2017.11.02 НПГ Д.Баярмагнай: ...хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар 2014 онд "Шинэ Монгол хаад групп” ХХК-ын байранд Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь МАН-ын 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох, бодлого, стратеги, төлөвлөгөө, санхүүжилт хэрхэн босгох талаарх яриа хэлцэл хийсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн... Одоо энэ аудио бичлэгийг үнэн худал гэх асуудал хамаагүй. Би дээр хэлсэн шүү дээ. Прокурорын байгуулага энэ асуудлыг болоогүй, энэ бичлэг эвлүүлэг, худал зүйл гэж хэлээгүй, дүгнээгүй. Дахин хэлье. Энэ асуудал, яригдсан зүйл нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)

2017.09.22 С.Амарсайхан: ...Худлаа гэхэд дэндүү үнэн. Үнэн гэхэд дэндүү сэтгэл гонсоймоор бичлэг байсан... (НИТХ-ын Даргаас Ц.Сандуйг огцруулах үеэр хэлсэн үг)

2017.09.04 НПГ Ж.Ариунаа: ...Хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Сандуй, Ганбаатар нар МАН-ын ... стратеги, төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон... Легаль Аудио Видео компаниар гаргуулсан шинжээчийн дүгнэлтийг ... нотлох баримтаар үнэлэх боломжгүй... 162 болон 40 минутын бичлэг эх файл нь биш учраас шинжилгээний шаардлага хангаагүй гэж үзсэн... (prokuror.mn сайтад байршуулсан ярилцлагаас)

2017.09.04 НПГ Ж.Ариунаа: Төрийн албыг үнэлж мөнгө босгох тухай яриа уулзалтанд У.Хүрэлсүх, Ц.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар болон А.Ганбаатарын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдоогүй. (А.Ганбаатар 2017.08.17-нд хийсэн Хэвлэлийн хурлаараа худал мэдээлэл тараасан нь ингээд тогтоогдсон)

2017.08.23 Ж.Энхбаяр: ...60 тэрбумтай холбоотой Монгол төрийг худалдсан ийм шившигт явдал болж байна. Хэрвээ монголчууд бид төрөө мөнгөөр худалддаг болж байгаа бол монголчуудын төрд итгэдэг тэр үнэт зүйл нуран унана. Монголын ард түмэн өөр хаашаа хандах юм бэ?! Итгэж байсан төр нь,  итгэж найдсан сонгуульд 65 суудал өгсөн МАН нь тэдний итгэлийг мөнгөөр үнэлж зарж байгаа байдал гэдэг бол туйлын ноцтой, Монгол Улсын язгуур эрх ашгаас урвасан, Монголын төрт ёсыг худалдсан, төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг гэж үзэж байгаа... (Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах т

©2017 Dorjzodov G.